Улаанбаатар хот автозамын түгжрэл гэх зовлонтой. Түүнийг нь арилгах ганц гарц нь нийтийн тээвэр гэдэгт бат итгэдэг сайд, даргатай. Хотын сайд, дарга хоёр хувийн унааг ад үзэж зогсоол тавиулаад, хотынхоо хаа сайгүй нийтийн тээврийн автобус явуулахыг мөрөөдсөн ч санаснаар нь болсонгүй. Эцэст нь өнөөх мөрөөдөл нь толгойг нь цусдах хэмжээнд хүрээд байна.
Олны дунд “цавчаа ногоон” гэж нэрлэгдсэн нийтийн тээврийн автобусны худалдан авалт сайд, дарга нарын суудалтай ярих хэмжээнд хүрлээ. Япон зэрэг хариуцлагатай улс оронд бол өдийд Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нар ард түмнээсээ уучлалт гуйж бөхийгөөд, суудлаасаа буух байлаа. Гэвч тэдний оронд солонгосчууд бөхийж, монголчуудаас уучлалт гуйв.
Харин хариуцлага гэдгийг мэддэггүй манай дарга нар хувийн хэвшлийг буруутгасан албан бичгийг ээлж дараалан шидэж, арьсаа хамгаалав. Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нар Тэнүүн Огоо гэх хувийн хэвшлийн компаниар туг тахиж, өөрсдийнхөө арьсыг хамгаалахыг хүсчээ.
Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар Тэнүүн Огоо ХХК-д мэдэгдэл хүргүүлж, “Автобус хуучин эсэхийг баримт нотолгоотой тайлбарла, чадахгүй бол хамаг мөнгөө буцаан авч, бүр нөхөн төлбөр шаардана шүү” хэмээн айлгав.
Түүний араас нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар мөн л Тэнүүн Огоо ХХК руу мэдэгдэл явуулж, хэл ам дагуулсан автобусуудыг чинь хүлээж авахгүй хэмээн даналзаж, стандартын шаардлага хангасан автобус шаардав. Хотын удирдлагын мэдэгдэлд “Мөн худалдан авах ажиллагаанд оролцсон албан тушаалтнуудыг шалгаж, буруутай үйлдэл байвал хариуцлага тооцно” гэжээ.
Буруутай үйлдэл нь хэдийнэ олны өмнө ил тод болчихоод байхад “байвал” хэмээн аргацаах шаардлагагүй.
Тэнүүн Огоо ХХК мэдээж буруутай. Нийтийн тээврийн олон компани байсаар байхад ганцхан Тэнүүн Огоо гэх компани 810 автобусыг бүгдийг нь нийлүүлэх эрх авсан нь хардах өнцөг мөнөөсөө мөн. Тендерийн хуулиар бол хамгийн бага үнийн санал өгсөн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ёстой. Гэтэл Тэнүүн Огоо гэх компани хамгийн бага үнийн саналыг өгөөгүй ч автобус нийлүүлэгчээр шалгарсан гэх мэдээлэл ч яваад эхэлсэн. Товчхондоо бол худалдан авалтад том “но” байгаа гэсэн үг.
“Но”-той худалдан авалт ч Ж.Сүхбаатар сайд, хотын дарга Д.Сумъяабазар нартай шууд холбоотой. Засгийн газар, УИХ-аас Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэлтэд зориулан урьд өмнө хэзээ ч гаргаж байгаагүй их хэмжээний хөрөнгийг баталж өгсөн. Энэ хөрөнгийг захиран зарцуулах эрх нь Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нарт бий. Тэдний гарын үсгээр Тэнүүн Огоо гэх компани улсын төсвийн хөрөнгөөр худалдан авалт хийх эрхтэй болсон. Хэрвээ Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нар хариуцсан ажилдаа эзэн болсон бол өнөөдрийн асуудал үүсэхгүй, улсын хөрөнгө ч үр ашиггүй үрэгдэхгүй байх байлаа.
Өнгөрсөн хугацаанд ард түмнийг “цагаан цаас, хар масс” хэмээн элдвээр хочилж, дээрэлхэн, доромжилж, улсын хөрөнгийг цавчиж, халаасаа дүүргэсэн байж болно. Гэхдээ одоо бол үгүй, олон нийт мэдлэг, мэдээлэлтэй болохын хэрээр хүчирхэгжиж байгаа. Албан тушаал, сандал ширээтэйгээ зууралдсан Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нар хувийн хэвшлийг буруутгаж, айлган сүрдүүлээд асуудал намжихгүй гэсэн үг. Төсвийн хөрөнгийг захиран зарцуулах, хяналт тавих эрхтэй тэд ч хариуцлага хүлээх учиртай!
Албан тушаалдаа дүйцэх хэмжээний мэдлэг мэргэжил, хариуцлагатай байж чадахгүй бол сайд, дарга нэр зүүж суудал бөглөх шаардлагагүй.
Б.Хэрлэн