"Эрдэнэт" үйлдвэр удирдлагын хямралд орж, хэвийн үйл ажиллагаа нь алдагдлаа
Монгол Улсын “саалийн үнээ” гэгддэг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т томоохон асуудал үүслээ. Хэд хоногийн өмнөөс сануулга өгөөд байсан ажилчид нь өнөөдрөөс ажил хаяж, үйлдвэрийн хэвийн үйл ажиллагаа алдагдлаа. Ажилчдын үйлдвэрчний эвлэлээс шаардлага тавьж, ажил хаяхаа мэдэгдсээр байхад үл тоосон Ерөнхий захирал Г.Ёндон өнөөдөр өглөө яаран мэдэгдэл хийж, уриалга хүртэл гаргаж. Түүнийг өмгөөлж хамгаалж, олон нийтийн санаа бодлыг өөрчлөх зорилготой сошиал давалгаа ч яваад эхэллээ.
Өөрийнхөө талхны мөнгөний төлөө ажиллаж байгаа ажилчид яагаад ажил хаях болов? Тэд мэдээж уйдсандаа эсвэл мөнгө хэрэггүй болсондоо ажлаа орхиогүй. Ажлын нөхцөл байдал, цалин хангамжаа сайжруулах зүй ёсны шаардлага тавьж, удаан хүлээсний эцэст ажлаа орхиод гудамжинд зогсож байна. Товчхондоо Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон ажилчдаа сонсоогүй, асуудлыг шийдээгүй учраас өнөөдрийн нөхцөл байдал үүслээ. Тэнд удирдлагын хямрал нүүрлэсэн гэсэн үг.
Ерөнхий захирал Г.Ёндон мэдэгдлийнхээ эхэнд ажилчид нь ажлаа хаях гэж байхад амралтаа эдэлж байснаа хэллээ. Өөрөөр хэлбэл байгууллагад нь асуудал үүсэж, үйлдвэр нь зогсох хэмжээнд хүрээд байхад удирдлага нь үл тоож, ээлжийн амралтаа эдэлж явжээ. Ажилчдаа үл тоосон энэ хандлага өнөөдрийн нөхцөл байдлыг үүсгэж, үйлдвэр зогсох хэмжээнд хүргэснийг Үйлдвэрчний эвлэлээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандсан Ил захидлаас харж болно. Ил захидалд “...Ерөнхий захирал болон түүний удирдлагын баг хамтын хэлэлцээг удаашруулж, үл тоож, хойрго хандаж, үр дүнгүй болгох санаатай үйлдлүүд гаргаж байгаа”-г дурджээ. Бүр ажил хаях ажилчдад дарамт шахалт үзүүлж эхэлсэн учраас энэ асуудалд анхаарал хандуулахыг Төрийн тэргүүнээс хүссэн байна.
Нэг цаг, нэг өдрийн зогсолт их хэмжээний хөрөнгөөр хэмжигдэх учраас Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа зогсолтгүй, тасралтгүй үргэлжлэх ёстой. Гэтэл өнөөдөр ийм эл хуль байдалтай байна.
Аливаа байгууллага сайн удирдлагатай байх нь зөвхөн нэг асуудал. Сайн дарга, мундаг захирал ажилчин үгүй бол хэн ч биш. Өөрөөр хэлбэл, Эрдэнэт үйлдвэрийн ажилчид байхгүй бол Г.Ёндон захирал хэн ч биш гэсэн үг. Ажилчдаа үл тоож, удирдлагын үйл ажиллагааг хэрэгжүүлж чадаагүй Г.Ёндон төрийн өмчийн том үйлдвэрийг зогсоосон хариуцлагыг үүрэх учиртай!
Г.Ёндонг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд байхад Монгол Улс шатахууны хомстолд орж, иргэд машинаа түрж алхаж байлаа. Харин одоо улсын төсвийн гол эх үүсвэр болсон Эрдэнэт үйлдвэр зогслоо. Түүнд удирдан зохион байгуулах чадвар байна уу?!
Б.Хэрлэн