Олон нийтийн сүлжээ, цахим сайтуудаар автомашины улсын дугаарын тэгш, сондгойгийн хязгаарлалтыг үргэлжлүүлэх талаар сэвээд эхэлжээ. Нэг хэсэг нь хязгаарлахгүй бол тэг зогсоно гэж айлгаж байхад нөгөө хэсэг нь үргэлжлүүлэх нь зөв үү, буруу гэсэн санал асуулга ч явуулж харагдана.
Нийслэлийн автомашины тал хувийг бүтэн өдрөөр зогсоож байгаа учраас богино хугацааны үр дүн гарч байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ өнөөдрийг аргацаагаад маргаашийн хүндрэлийг шийдвэрлэхгүй.
Тиймээс эхлээд нийслэлчүүдийн хөл дүүжлэх унааг хангалттай болгочих. Дараа нь хүссэнээрээ тархиар наад. “Иргэдийн санал хүсэлт” гэсэн худлаа үгээр халхавчилсан ч яахав. Өнөөдрийгөө үргэлжлүүлэн аргацаа!
Гэхдээ иргэдийн тэсвэр тэвчээр удаан үргэлжлэхгүй. Дулааны улирал учраас өглөөний 07.50 цагт буудал дээр ирсэн иргэн 08.30 хүртэл автобус хүлээж болж байна. Дүүрэн хүнтэй автобус зогсохгүй, хаяад явсан ч ундууцахгүй хүлээлтээ үргэлжлүүлж болж байна. Харин мөдхөн ирэх өвөл бол амар байхгүй.
Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар, хотын дарга Д.Сумъяабазар нарын аргацаасан шийдвэр иргэдийн бухимдлыг даахгүй. Асуудал хүндэрвэл тэдний сандал ширээтэй ярихтайгаа тулна. Тэгэхээр дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлэх талаар сэвээд ч хэрэггүй. Мөнгө дэмий зарлагадахын нэмэр.
Тэрний оронд төсвийн хэдэн тэрбумыг зарлагадаж зуу зуугаар нь авсан автобусандаа зохицуулалт хий, хүртээмжийг нь нэмэгдүүл. Парк шинэчлэлт хийлээ гэж өчнөөн шоудсан ч иргэд үр дүнг нь мэдрэхгүй, автобус хүлээсэн өнөө л янзаараа байна. Эхлээд автобусныхаа хүртээмжийг нэмэгдүүлчихээд дараа нь иргэдийн унааг зогсоох талаар ярь. Тэр нь албан тушаал, сандал ширээнд чинь хал багатай.
Б.Хэрлэн