УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн Эрчим хүчний сайдаар томилогдсоноос хойш энэ салбарт аргатай юм нэг ч байсангүй. Цахилгаан, дулааныг аргална, утааны асуудалд арга байхгүй гэсээр өнөөдрийг хүрлээ.
Өчигдөр тэрбээр НИТХ-ын хуралдаанд оролцож, нийслэлийн бонд гэх алаагүй баавгайн арьсыг хэрхэн хуваах саналаа хэллээ. Түүнийхээр бол бондын 177.5 тэрбум төгрөгөөр Хятадаас хагас коксжсон асаагч гэх нүүрсийг худалдан авч, сайжруулсан шахмал түлш хийж, нийслэлд турших гэв. Гэхдээ энэ туршилт нь төгс шийдэл биш бас л аргаа барсандаа л хийж байгаа ажил нь гэнэ.
Хамгийн гол асуудал нь нийслэлийн төсөвт 177.5 тэрбум төгрөгийн өр үүсгэн байж, нийслэлчүүдийг туршилтад оруулах нь. Сайжруулсан шахмал түлшний утаа угаараар цөөнгүй хүнийг хордуулж, амь насыг нь хохироосон. Энэ өвөл дахиад хордуулахгүй, хохироохгүй гэх баталгаа байна уу?! Хэн нэгэн иргэний амь нас хохирвол хариуцлагыг Б.Чойжилсүрэн сайд үүрэх үү?
Эрх мэдэл, албан тушаалдаа бярдсан хүмүүс туршилт хийхдээ хүртэл хэдэн зуун тэрбумаар нь үнс болгон хийсгэж, аргагүйддэг юм байна.
Монгол Улс нүүрсний баялаг нөөцтэй. Тэрийгээ Хятад руу зарж, төсвөө бүрдүүлдэг. Харин одоо Б.Чойжилсүрэн сайд зарсан нүүрсээ буцааж худалдан аваад, түлш хийх гэнэ.
Нүүрс байгаад нэмэргүй, түүхийгээр нь зараад буцаагаад баяжуулсан бүтээгдэхүүн худалдан авна. Газрын тос байгаад нэмэргүй, түүхийгээр нь зараад буцаагаад өндөр үнээр шатахуун худалдан авдаг. Алтан дээр суусан өрөвдөлтэй гуйлгачингууд.
Арга мэддэг хүн ажилд томилмоор байна. Бизнесээрээ мөнгө хийж, улс төрөөр тоглоом хийдэг хэсэг бүлгээс залхлаа. Хангалттай олон жил тэдний эрх мэдэл, эрх ашгийн золиос боллоо. Аргаа барсан, аргагүйдсэн Б.Чойжилсүрэн мэтийн бизнесмэн-улстөрчдөөс ирэх сонгуулиар салъя. Ядаж үйлдвэр ярьдаг инженер техникийн хүмүүсийг төрийн толгойд суулгая. Тэд арга олж, амьдралтай шийдэл ярих биз.
Б.Хэрлэн