Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн сард архитекторууд болон хот төлөвлөгч нартай уулзсан. Энэ үеэр архитектор Ц.Баярхүү “Монголын төр 30 жил архитекторуудаа сонсоогүй. Ер нь бол 1990 оноос хойш дарга нар, цүнх баригч нар л бүх төлөвлөлтийг хийсэн. Үр дүнг нь өнөөдөр бид харж байна” хэмээн Улаанбаатарын өнөөдрийн дүр төрхийн учир шалтгааныг тов тодорхой хэлээд өгсөн.
Хэсэгхэн зуурын аадар бороо Улаанбаатарыг урсгаж байгаагийн шалтгаан нь ердөө л учир мэддэггүй улстөрчид, дарга нар, цүнх баригчдын эх захгүй үйлдэл, эрх мэдэл, албан тушаалын хэтрүүлэг гэсэн үг. Газар олгохдоо, байшин барилгын зөвшөөрөл өгөхдөө хууль дүрэмд нийцүүлэн, төлөвлөлттэй өгсөн бол өнөөдөр тавьсан зам, босгосон барилга бүр нь усанд автахгүй байх байлаа.
30 минутын бороо 30 жилийн алдаа завхралыг илчлээд өгч байна.
Дэлхийн том хотууд ч усанд автдаг, усан бороог улстөржүүллээ гэх мэтээр биеэ өмөөрөгсөд нийслэлийг удирдаж байгаа цагт засал, аврал үгүй. Тэр, тэд ч өнөөдрийн Улаанбаатарыг бий болгосон, улстөрчид, цүнх баригчид, эрх мэдэлтнүүдийн үргэлжлэл. Хот төлөвлөлтийн тухай А ч үгүй дарга нар чу ч хийхгүй, юуг ч өөрчлөхгүй.
Парламентад улстөрч суух нь мэдээж. Харин хотыг улстөрчид биш мэргэжилтэн удирдах шаардлагатай байна. Дараагийн 30 жилд өнгөрсөн 60 жилийн алдаа завхрал хэмээн халаглахгүйн тулд өнөөдөр олгож буй газар, өгч байгаа зөвшөөрөл бүхэндээ төлөвлөлттэй хандаж, хий хоосон ярьдаг стандартаа ягштал мөрдөх хэрэгтэй байна.
Зуны улирал зургаа биш ч дуусах болоогүй. Найм, есдүгээр сард ч бороо үргэлжлэн орно. Дахиад л зам урсаж, байшин барилга усанд автана. Нэг бороог өнгөрөөлөө ч дараагийн бороо Улаанбаатарт асуудал, бэрхшээл дагуулсаар байх болно. Товчхондоо өнөөдрийн Улаанбаатарт аврал үгүй. Хотын төвд байршуулсан дэд бүтцээ дагаж шавсан байшин барилга, зам харгуйн зовлон дуусахгүй.
Тиймдээ ч хотыг тэлэх, хөдөөг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Монголчууд газарт хавчигдаагүй. Түмэн асуудал, зовлондоо түүртсэн Улаанбаатар руу чиглэсэн их нүүдлээс болж, өргөн уудам газар нутаг маань эзэнгүйдэхдээ тулаад буй. Тиймээс Улаанбаатарыг хаяад хөдөөг хөгжүүлье. Тийш чиглэх нүүдлийг бий болгож чадвал Улаанбаатар усанд автах нь олон хүний асуудал биш болно.
Б.Хэрлэн