УИХ-ын дарга Г.Занданшатарын даалгавараар Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, нийслэлээс сонгогдсон гишүүн Б.Жаргалмаа, Эдийн засгийн байнгын хорооны гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Ц.Сандаг-Очир нар зах, худалдааны төвүүдээр явж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэтэй танилцсан. Одоогоос яг сарын өмнө. Тэдний зорилго нь үнийн өсөлтийг судалж, Үнийн өсөлттэй тэмцэх хуулийн хэрэгжилтийг хянах, УИХ-д танилцуулах ёстой.
УИХ-ын гишүүд захаар явах нь явсан. Худалдагч нартай уулзаж, ямар асуудал байгааг сонссон. Харин УИХ-ын чуулганд танилцуулах, ярих асуудал таг мартагджээ. Уг нь үхрийн мах хэдийнэ 25 000 төгрөг хүрч, хонины мах 20 000 төгрөг рүү дөхөж байгааг УИХ-ын чуулганы үеэр ярьж, үнийн өсөлтийг хэрхэн бууруулах тухай хэлэлцэх ёстой байв. Харамсалтай нь, УИХ-ын гишүүдэд иргэдийн өнөөдрийн амьдрал биш 2024 оны сонгууль, гишүүдийн тоог 100 давуулан нэмэх асуудал л чухал байна.
УИХ-ын дарга Г.Занданшатарын сүржин үүрэг даржин болоод төгссөн нь энэ. Ажил хийсэн нэр зүүх, иргэдийн амыг таглах оролдлого төдий байжээ.
"УИХ, Засгийн газар үнийн өсөлтийг хэлэлцэж, тодорхой шийдвэр гаргана" хэмээн УИХ-ын дарга сарын өмнө мэдэгдсэн ч өнөөдрийг хүртэл нэг ч алхам хийсэнгүй. Мах, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадаж, иргэдийн цалин, тэтгэвэр газарт хэвтсэн хэвээр л байна. Сарын 500 000 төгрөгийн тэтгэвэртэй хөгшчүүд хоол идэж өл залгах уу, эм ууж өвчнөө намдаах уу гэсэн сонголттой нүүр тулж, зудраахан амь зогоож байгааг төрийн эрх мэдэлтнүүд сонссон ч дүлий хэвээр.
Мэдээж, төрөөс үнийг шууд зохицуулах боломжгүй. Чөлөөт зах зээлийн нийгэмд төрөөс "үнээ буулга" гэсэн даалгавар өгөх ч ёсгүй. Гэхдээ бодлогын тохируулга, зохицуулалт хийх боломж бүрэн бий, төр засаг ажил хийдэг, иргэдээ боддог бол шүү дээ.
Ард түмэнд УИХ-ын сонгууль ямар системээр явах, гишүүдийн тоо 126 болон нэмэгдэх асуудал огт сонин биш. Тэдэнд махны үнэ 20 000 төгрөг давсан нь чухал байна. 70 сая малтай Монгол Улсын иргэд махны гачигдалд орохдоо тулж байгааг төрийн түшээд харж, сонссон ч үл тоомсорлосоор л байна.
Иргэдийн өнөөдрийн амьдралд анхаарч байж, маргааш суудалтайгаа үлдэнэ гэдгийг эрхэм түшээд ухаарахгүй яваа бололтой. Дараагийн сонгууль хаяанд байна, ард түмэн ямар дүн тавихаа тооцоолон суугаа нь тодорхой.
Б.Хэрлэн
Уншиж байна |