Төрийн элдэв санг цөлмөж, татварын төлөгчдийн мөнгөнөөс хумсалсан улстөрчид зээлээ төлсөн гэнэ. Өнөөдөр олон нийт шүүмжлээд, маргааш нь тэд зээлээ төлжээ. Авсан зээлээ төллөө гээд ард түмэн баярлаж, алга ташихгүй. Учир нь зээл анхнаасаа эргэн төлөх зарчимтай.
Харин авсан зээлээ төлөхгүй хэдэн арван жил явчихаад олон нийт шүүмжилж эхлэнгүүт төлж байгаа нь улстөрчдийг ямар ёсзүйгүй, хариуцлагагүй, сэтгэлгүй болохын илрэл. Хэдэн мянган ам.доллараар хэмжигдсэн тэр зээл улстөрчдийн хувьд халаасны мөнгө төдийхөн гэдгийг ард түмэн харлаа.
Иргэдийн төлөөлөл болж Монголын парламентад сууж байгаа улстөрчдөд ёсзүй огтхон алга. УИХ-ын гишүүн Ш.Адьшаа гэхэд “Хүүгийнхээ зээлийг маргааш ч төлж чадна” гэж даналзсан бол Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “ Эхнэрийнхээ зээлийг төлчихсөн, уг нь төлөх ёсгүй юм билээ” хэмээн олон нийтийг тавлаж, доромжилж байна.
Тэд мөнгөгүй, боломжгүйдээ төрийн сангаас зээл аваагүй. Харин түмний хүүхдийн боломжийг л хулгайлсан хэрэг. Жилийн хэдэн тэрбумын хөрөнгөтэй атлаа төрийн сангийн зээлээр суралцаж, төрийн бага хүүтэй зээлээр мөнгө хүүлдэг тийм л ёсзүйгүй, хариуцлагагүй улстөрчид бидний толгой дээр гишгэлж, “хэл ам хийхээр чинь төлчихлөө” хэмээн бааварлаж байна.
Гэхдээ ард түмэн зээлээ төлчихлөө гэж толгойг чинь илэхгүй. Дараагийн парламентад тэдний орон зай гэж байхгүй. Товчхондоо дахин сонгохгүй. Дахин дахин толгой дээр гишгэж, төрийн санг цөлмөж, эцэст нь тавлаж доромжлохыг чинь ард түмэн олон удаа тэвчихгүй, дахин харахыг хүсэхгүй.
Төрийн санг цөлмөж, иргэдийн боломжийг хулгайлсан улстөрчидтэй мэддэг хэлээр нь ярих нь зүйтэй. Тэдний халаастай яриад ямар ч нэмэргүй, авсан зээлээ төллөө гээд хотойхгүй баяжигсад. Тэгэхээр үхэн хатан зууралддаг улс төрийн суудалтай нь ярьж, хариуцлага мэдрүүлэх нь зүй ёсны хэрэг.
ЖДҮХС-аас эхлээд Хөгжлийн банк, нүүрсний хулгай, Боловсролын зээлийн сан зэргээр төрийн нэртэй бүхнийг цөлмөж, иргэдийн боломжийг хулгайлсан улстөрчдийг тогтоож авахыг иргэдээс хүсье. Дараагийн сонгуулиар тэдний нэрийг алгасаарай, дахин сонговол тэд таны боломжийг дахин хулгайлах болно.
Б.Хэрлэн