Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нам гацаанд орж болзошгүй байна. УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах, гишүүдийн тоог 126 болгон нэмэгдүүлэх төсөл ард иргэдийн босгыг давахгүй, сөхрөх магадлал бараг л 100 хувь боллоо.
Монголын ард түмэн өөрчлөлтөөс буцдаггүй. Нийгэм, улс төрийн тогтолцооны том өөрчлөлтүүдийг хийж ирсэн түүхтэй, хийсээр ч байгаа. Гэхдээ энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлт өнөөгийн парламентын гишүүдийн буруугаас болж, унах магадлал тун өндөр байна.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн УИХ-ын гишүүд энэ долоо хоногт 126 гэсэн тоогоо ард түмэнд танилцуулж, саналыг нь сонсох ёстой. Гэтэл нам гүм, УИХ-ын гишүүн иргэдтэй уулзалт хийсэн тухай нэг ч мэдээ үгүй. Үнэндээ тэдэнд иргэдийн өмнө дахин дахин очих нүүр байхгүй.
ЖДҮ, нүүрсний хулгай, Хөгжлийн банк, одоо БЗС гээд улстөрчид, УИХ-ын гишүүдийн дуусашгүй булхай ээлж дараалан дэлгэгдсээр байна. Эрх мэдэл, албан тушаалаа ашиглан бусдын боломжийг хулгайлдаг, авсан зээлээ төлдөггүй нь тэд иргэд сонгогчдын өмнө очвол ам руугаа алгадуулахаас өөрөөр сайхныг үзэж, сонсохгүй.
УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлж, 100 гаргавал эрх мэдэл хуваагдаж, өнөөдрийн хулгай луйвар зогсоно гэж рекламддаг. Үнэн хэрэгтээ хулгайч, луйварчдын тоо л нэмэгдэнэ гэж иргэдийн дургүйцэж байгаа нь туйлын үнэн бас зөв. Өнөөдрийн 76 хулгайч 126 болон нэмэгдэхээс өөр ямар ч ач холбогдолгүй, гавьяагүй.
Үндсэн хуулийн өөрчлөлтийг хичнээн гоёор тайлбарлаж, рекламдаад ч УИХ-ын гишүүд, улстөрчдийн бузар булхайг давж гарахгүй.
Засгийн газраас өргөн мэдүүлж, УИХ-ын хэлэлцэж байгаа Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард түмэн дэмжихгүй байгаа нь бодит үнэн. Эрх баригчид ард түмний нэр барьж, гишүүдийн тоог нэмэхээр улайрч байгаа нь ч туйлын үнэн.
Гэхдээ бодит байдал тэс өөр буюу ард түмэн УИХ-ын гишүүн нэртэй авлига, албан тушаалын гэмт хэрэгтэн, хулгайчдын тоог нэмэхийг огт хүсэхгүй байна.
Үндсэн хуулийн энэ удаагийн нэмэлт өөрчлөлт унавал түүнд зөвхөн УИХ-ын гишүүд, улстөрчид буруутай.
Б.Хэрлэн