Монголын уран бүтээлчид уурсаж байна. Тэд талх 3000 төгрөгийн үнэд хүрсэн нийгэмд сарын 500, 700 мянган төгрөгөөр амьдрах боломжгүй үнэнийг илчилж, бухимдаж байна. Төр урлагийн салбарынхныг орхисон нь үнэн.
Эмч нар талбай дээр суулт зарлаж, цалингаа нэмүүлсэн. Багш нар ч ялгаагүй, жагсаж цуглаж байгаад цалингаа сая давуулсан. Харин одоо урлагийнхны ээлж иржээ, тэд сарын цалингаа 1.5 сая төгрөгт хүргэхийг шаардаж байна. Соёлын яамтай болоод сэхэл авна гэж мөрөөдсөн урлагийнхан шал дордсоныг хэлж, ихэнх нь салбарын сайддаа уурсаж, зарим нь чин сэтгэлийн зөвлөгөө өгч, ажлаа хийхийг гуйж байна.
Засгийн газраас соёлын салбарын цалинг боловсролтой дүйцүүлэн шат дараатай нэмэх шийдвэрийг гаргалаа. Цалин нь сая төгрөг давна гэсэн үг. Гэхдээ энэ шийдвэр гарсан даруйдаа хэрэгжихгүй. Төсвийн тодотгол хийсний дараа яригдах асуудал. Өөрөөр хэлбэл урлагийнхан жагсаж, уурлаж бухимдаад шууд цалин нь нэмэгдэхгүй гэсэн үг.
Урлагийнхан “тэсэрсэн”-тэй холбогдуулан олон нийтийн сүлжээний хэрэглэгчид ч өөр өөрийн байр суурийг илэрхийлж байна. Тэдний дийлэнх нь төр хэдэн мянган дуучин, бүжигчинтэй байх шаардлагагүй гэж үзлээ. Товчхондоо дууны, бүжгийн, драмын театруудыг хувьчилъя, уран бүтээлчдэд нь даатгая.
Төрийн өмч өнгөтэй өөдтэй байсан түүхийг бид хараагүй. Хэн ч төрийн өмчид сэтгэл гаргадаггүй, өөд нь татдаггүй. Зөвхөн сарын цалингийн төлөө ажилладаг. Харин хувийн өмч үүний эсрэг тал, үргэлж өөдөө тэмүүлдэг.
Уран бүтээлчид ч энэ замаар явах цаг нь болсон. Төрөөс цалин царайчилж, өгсөн жаахныг нь шавхруу хэмээн голж, уурлаж бухимдах шаардлагагүй. Харин сайн удирдлага, зөв менежменттэйгээр театраа өөд нь татаж, олсон хэрээрээ цалинжих цаг үе хэдийнэ болжээ.
Монгол уран бүтээлчдэд хангалттай чадвар, авьяас байгааг дэлхий нийт хүлээн зөвшөөрдөг, тэд ч харуулдаг. Одоо төрөөс цалин царайчлахын оронд зах зээлийн зарчимд шилжиж, чаддаг нь илүү амьдрах хэрэгтэй.
Тэр цагт уран бүтээлчид төрөөс цалин царайчлах биш харин төр тэднээс соёлын үйлчилгээ гуйж, мөнгө төлөх болно.
Б.Хэрлэн
Уншиж байна |