Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл ид яригдаж байна. УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, Үндсэн хуульд оруулсан хоёр өөрчлөлтийн талаар иргэдийн санал бодлыг сонсов.
Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн төсөлд
-Сонгуулийг пропорциональ, можаритор гэсэн хоёр системээр явуулах
-УИХ-ын гишүүдийн тоог 152 болгон нэмэгдүүлэх хоёр өөрчлөлтийг тусгасан.
Төслийг танилцуулахдаа иргэдийн санал, дэмжлэгээр УИХ-ын гишүүдийн тоог 152 болгосон гэж мэдээлсэн ч бодит байдал дээр буюу уулзалтын үеэр үг хэлж байгаа иргэд энэ тоог дэмжсэнгүй. УИХ-ын гишүүдийг 152 болгох нь хэт олноос гадна өнөөгийн байдлаас дээрдэхгүй гэж иргэд үзэж байна. УИХ-ын дарга, зарим гишүүд ч иргэдтэй санал нэгдээд эхэлжээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар гэхэд "Иргэдийн дийлэнх нь гишүүдийн тоог нэмэгдүүлэх нь зүйтэй. Гэхдээ 152-ыг арай олон, 108 тохиромжтой гэж үзэж байна. Миний хувьд 108 байх нь зөв гэж үзэж байна" гэсэн байр суурийг илэрхийлжээ.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ч "152 бол арай сэрүүднэ, УИХ-ын гишүүдийн тоог 108-аас хэтрүүлж болохгүй" гэсэн байр суурьтай байгаагаа иргэдтэй хийсэн уулзалтын үеэр илэрхийлжээ.
Тэгэхээр төсөлд тусгасан 152 гэх тоо УИХ-ын хэлэлцүүлгийн үеэр 108 руу доош "унаж" болзошгүй байна.
Ард түмэн УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэхийг төдийлөн дэмжихгүй. Өнөөгийн парламентын нөхцөл байдал нэмэгдүүлээд ч нэмэргүй гэсэн ойлголтыг хэдийнэ өгчихсөн. Иргэд 76 хулгайч 152 болон нэмэгдэх нь гэсэн дургуйцлийг илэрхийлээд эхэлсэн.
Хэрвээ УИХ-ын гишүүдийн тоог 100 давуулж нэмэгдүүлвэл тэдний халдашгүй, дархан эрхийг халах ёстой гэсэн байр суурийг илэрхийлэх иргэд ч олон бий. Өнөөгийн нөхцөл байдлаар бол төрийн толгойд халдашгүй, дархан эрхтэй 100 гаруй хүн суучихвал юу болохыг төсөөлөхөд ч түвэгтэй. Улс орны нөхцөл байдал улам уруудахыг ч үгүйсгэхгүй.
Б.Хэрлэн