Тавантолгой цахилгаан станц барих тухай үлгэр 10 гаруй жилийн өмнөөс эхлэлтэй. Ажил хэрэг нь урагшлахгүй, газарт хатгасан ганц шонгүй өнөөдөр ч үлгэр үргэлжилж байна. Цахилгаан станцыг барьж байгуулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг хоёр ч удаа зарлаад бүтэлгүйтсэн.
Гурав дахь удаагийн тендерийг энэ жилийн Цагаан сарын баярын дараа зарлана гэж байсан ч одоог хүртэл зарлаагүй байна.
Энэ төслийн хариуцагч байгууллага нь Тавантолгой дулааны цахилгаан станц ТӨХХК. Өнгөрсөн 2020 онд байгуулагдсан энэ төрийн өмчит компанийн ажил хэрэг хэзээ олны нүдэнд үзэгдэж, гарт баригдах нь тодорхойгүй байна.
Засгийн газраас ил болгосон мэдээлэл болон төрийн худалдан авах ажиллагааны сайтаас харвал багагүй хөрөнгө зарлагаддаг байгууллага аж. Shilen.gov.mn сайтад мэдээлснээр Тавантолгой дулааны цахилгаан станц ТӨХХК-ийн ТУЗ найман гишүүнтэй.
Эрчим хүчний яамны Захиргаа удирдлагын газрын дарга Ж.Хичээнгүйгийн даргалсан ТУЗ-д ЗГХЭГ, ЭХЯ, ТӨБЗГ-ын төлөөлөл багтжээ. Тэд сард 820 мянган төгрөгийн цалин авдаг. Жил, сараар тооцож бодвол ТУЗ-ийн гишүүдийн цалинд багагүй хөрөнгө зарлагаддаг аж.
Хамгийн чухал нь Тавантолгой цахилгаан станцын ажил явдаггүй, зөвхөн зарлага гаргадаг төрийн өмчит компани. Хэзээ гэрэл асааж, гийгүүлэх нь тодорхойгүй.
Засгийн газраас маш тодорхой үүрэг өгөөд буй. Энэ төслийг санхүүжүүлэх бүхий л хэлбэрийн санхүүгийн арга механизмыг хэрэглэх, банк санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллах, тендерт оролцогчийн төслийн санхүүжилтийг шийдвэрлэх хувилбарыг хязгаарлахгүй санхүүгийн саналыг нээлттэй нөхцөлтэйгөөр сонгон шалгаруулахыг даалгасан.
Нийт 450 MBт хүчин чадалтай Тавантолгой цахилгаан станцыг 300MBт+150MBт гэсэн хоёр үе шатанд хувааж, эхний ээлжинд 300 MBт хүчин чадлаар ашиглалтад оруулах үүргийг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд өгсөн.
Санхүүжилтийн бүхий л хэлбэрийг сонгох, тендерийн шаардлагыг бууруулах зэргээр ажил явуулах бүхий л боломжийг ашиглах үүргийг салбарынханд өгөөд байна.
Монгол Улсын экспортын орлогын 93 хувийг уул уурхайн салбар бүрдүүлдэг. Улсын нийгэм, эдийн засгийн хөдөлгөгч хүч болсон уул уурхайн гол тоглогч болох Тавантолгойн бүлэг ордын түшиглэн байгуулагдаж, Оюутолгойн эрчим хүчний хэрэглээг хангах нь энэ төслийн гол утга учир. Уул уурхайн том төслүүдийг эрчим хүчээр хангаснаар гадагшаа урсаж байгаа 120 сая ам.долларыг дотооддоо үлдээх ач холбогдолтой гэж Тавантолгой цахилгаан станц төслийн танилцуулгад дурдсан байдаг. Ач холбогдлыг нь олон жил ярьсан ч үр ашгийг нь үзсэнгүй өнөөдрийг хүрлээ. Энэ төсөл урагшлахыг улсаараа хүлээж байна.
Б.Хэрлэн
Уншиж байна |