Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр сарын өмнө УИХ-ын чуулганы индрээс “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газар зардаг нөхөд болгоомжтой байгаарай. Дараагийн дэлбэрэлт энэ салбарт болж магадгүй. Үүний цаана байгаа улстөрчдийг зарлана” хэмээн мэдэгдэж байв. Энэ сануулгаа ажил хэрэг болгохоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэнд чухал үүрэг өглөө.
Ц.Даваасүрэн сайдад нийтийн эзэмшлийн талбайд барилга байшин барих зөвшөөрөл өгсөн эрх мэдэлтнүүдийн жагсаалтыг гаргаж, Засгийн газарт танилцуулан, олон нийтэд мэдээлэх үүргийг өгөв. Өөрөөр хэлбэл эмнэлэг, цэцэрлэг, сургууль, хүүхдийн тоглоомын болон спорт талбайг хулгайлж, барилга барих зөвшөөрөл өгсөн төрийн эрх мэдэлтнүүдийн нэр тун удахгүй тодорно гэсэн үг.
Улаанбаатарын төв хэсгийг гишгэх газаргүй болгож, хүүхэд тоглох, хөгшид нарлах газрыг хулгайлан бетонон ширэнгэ болгох эрхийг өгсөн болон улсын тусгай хамгаалалттай газраас хумслан зарсан хүмүүсийн нэр ил болно. Төрийг эзэнгүй, хуульгүй мэт аашилж, танил тал, ах дүү, хамаатан садандаа газар бэлэглэж, бүр мөнгөөр зарсан хэнбугай ч энэ илчлэлтээс хоцрох ёсгүй.
Ерөнхий сайдын үүрэг дүүргийн газрын албаны дарга мэргэжилтнээс эхлээд нийслэл, БОАЖЯ-ны үе үеийн дарга нарын тархийг зовоож байгаа нь мэдээж. Тэдний нэрийг зарлаад зогсохгүй, хариуцлагын асуудал давхар яригдана. Албан тушаалаа ашигласан, эрх мэдлээ хэтрүүлсэн, хээл хахууль авсан хэргээр цөөнгүй газрын наймаачин хуулийн байгууллагын хаалга татах нь тодорхой.
Нүүрсний хэргээс дутахгүй том “дэлбэрэлт” газрын наймаачдын дунд үүсэх нь нэгэнт тодорхой болоод байна.
Японы эрдэмтэд Улаанбаатар хотод судалгаа хийж, Налайхаас өгсөөд Богдхан уулын араар буюу хот дундуур дайрч, Найрамдал зусланг өнгөрсөн хагарал байгааг илрүүлжээ. Үүнээс гадна хотыг тойрсон зургаан ч хагарал байгааг тогтоож. Энэ хагарал дээр 7.5 болон түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт болох магадлалтай. Газар ийм хэмжээний хүчтэй хөдлөхөд Улаанбаатар хотын нийт барилгын 20-30 хувь эвдэрч, нурах эрсдэлтэй байгааг гадны эрдэмтэд нотлоод өгсөн байна.
Хот төлөвлөлт, зохион байгуулалтгүйгээр газар олгосны горыг нийслэлчүүд хэзээ нэг өдөр хүртэх боломжтойг эрдэмтэд, мэргэжлийн байгууллагаас сануулсаар байгаа. Төрийн эрх мэдэлтнүүдийн хулгайлж, хумсалж бэлэглэсэн эсвэл зарсан газарт босгосон ямар ч төлөвлөлтгүй барилга байшин хотыг эмх замбараагүй болгосноос гадна хүний эрүүл мэнд, амь насанд ч хохирол учруулж болзошгүй.
Ямартай ч нүүрсний хэргийн араас газрын наймаачдын хэрэг илрэх нь цаг хугацааны л асуудал боллоо. Нийслэлийг бетонон ширэнгэ болгох эхлэлийг тавьсан хүмүүс хариуцлагаа хүлээх нь зүй ёсны хэрэг билээ.
Б.Хэрлэн