Энэ сарын 15 буюу ирэх лхагва гаригт эхлэх УИХ-ын чуулганаар энэ хаврын улс төр эхэлнэ. АН-ын шинэ дарга сонгогдсоноос өөрөөр нам гүм байсан улс төрд хаврын хавсарга дэгдэх нь тодорхой. УИХ-ын зургаан гишүүн яллагдагчаар татагдав. Тэднээс хоёр нь УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ Г.Занданшатар даргад өгөөд буй.
УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнг Эрүүгийн хуулийн 22.1.5 дугаар зүйл буюу Хахууль өгөх гэмт хэрэгт яллагдагдагчаар татагдсан
УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, Үндэслэлгүйгээр хөрөнгөжих
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож хохирол учруулсан
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож хохирол учруулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжих,
УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож хохирол учруулсан
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланг улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож хохирол учруулсан зэрэг үндэслэлээр яллагдагчаар татагдаад байна.
Хариуцлага хүлээж, тооцож чаддаг, ёсзүйтэй улсын парламент бол чадамжгүй болсноо зарлаад хэдийнэ тарах байлаа. Г.Занданшатарын толгойлсон парламентад нэр цэвэр хүн үлдсэнгүй. Төрийн санг цөлмөсөн, төрийн мөнгөөр хүүхдээ сургасан, түмний өмчийг хулгайлсан, төрийн нэрээр гэмт хэрэг үйлдсэн гээд бүгд хуулийн байгууллагад данстай, ард түмний дунд хулгайч хочтой болов. Ийм атал ширэн нүүрлэж, гэмт хэрэгтнүүдийг хаацайлж, цаг хугацааг аргацаасаар хаврын чуулгантай золгож байна.
Хаврын чуулган ч энэ янзаараа л цаг хугацааг аргацаах нь тодорхой. Хуулийн байгууллагаас гишүүдийг нь хуулийн ноцтой зүйл заалтаар яллагдагчаар татсанаа мэдэгдээд байхад л хаацайлж авч үлдэх биз. Угаас МАН-ынхан Үндсэн хуулийг өөрчлөхөөр хэдийнэ замдаа гарсан. Өргөдөл өгсөн гишүүдийг чөлөөлвөл парламент чадамжгүй болж, хүссэнээрээ Үндсэн хуулийг өөрчилж чадахгүй. Тэгэхээр парламент өнөө л янзаараа ирэх намрыг хүртэл аргацаана. Намар сонгууль явуулахад татгалзах зүйлгүйгээ эрх баригч намын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдэгдээд буй. Хэдийнэ чадамжгүй болсон парламент намар хүртэл цаг хугацаа нөхцөөхөөс өөрийг хийж чадахгүй.
Б.Хэрлэн