УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ш.Раднаасэд, Ж.Мөнхбат, А.Адъяасүрэн, Б.Энх-Амгалан, Н.Наранбаатар нар нүүрсний хэргээр яллагдагчаар татагдаад буйг хуулийн байгууллагаад зарласан. Шүүхэд дуудагдах гишүүдээс А.Адъяасүрэнгээс бусад нь эрх баригч МАН-ынхан.
МАН-ын үндсэн дүрэм ёсоор бол Т.Аюурсайхан, Ш.Раднаасэд, Ж.Мөнхбат, Б.Энх-Амгалан, Н.Наранбаатар нар 30 хоногийн дотор намын гишүүнээс түдгэлзэх өргөдлөө Хяналтын ерөнхий хороондоо өгөх ёстой.
МАН-ын үндсэн дүрэм
4.3. Намын гишүүн нь дараах тохиолдолд намын болон намын гишүүдийн нийтлэг эрх ашиг, нэр хүндийг хүндэтгэн гишүүнээс түдгэлзэх хүсэлтээ 30 хоногт багтаан гаргана. Үүнд:
4.3.1. илтэд ёс зүйн зөрчил гаргасан;
4.3.2. ашиг сонирхлын ноцтой зөрчил гаргасан;
4.3.3. авлигын гэмт хэрэгт холбогдсон;
Тоолуур хэдийнэ гүйж эхэлсэн. Авлига, албан тушаалын бүр мафи байгуулсан хэргээр шалгагдаж байгаа тэд 30 хоногийн дотор өргөдлөө өгөхгүй бол МАН-ын Хяналтын Ерөнхий хороо хуралдаж, намын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх шийдвэр гаргах дүрэмтэй.
Намаас түдгэлзэж, түдгэлзүүлэх бол эхний асуудал. Хамгийн гол нь намын дүрэм зөрчсөн гишүүдэд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэсэн заалт бий.
МАН-ын Үндсэн дүрэм
4.5. Энэхүү дүрмийн 4.2.1, 4.2.5, 4.2.8, 4.2.9, 4.2.11, 4.2.12-ыг зөрчсөн гишүүнд улс төрийн дараах дэмжлэг үзүүлэхээс тодорхой хугацаагаар татгалзана:
4.2.1. намын дүрмийг чанд сахин биелүүлэх;
4.2.5. намын эв нэгдлийг хамгаалах, намын нэр хүндийг гутаасан аливаа үйлдэл гаргахгүй байх;
4.2.8. намын нэрийн өмнөөс сонгогдож, томилогдсон албан тушаалтан бүр хуулийг чандлан сахиж ашиг сонирхлын аливаа явцуу бүлэглэлийн нөлөөнд автахгүй байх;
4.2.9. намын ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэх;
4.2.11. намын бүх шатны хурлын хаалттай хуралдаанд видео камер, гар утас, дуу хураагуур болон бусад төхөөрөмж ашиглан бичлэг хийхгүй, тараахгүй, хуралдааны тэмдэглэлийг ил болгохгүй, намын дотоод асуудлаар олон нийтэд хандаж намын нэр хүнд, эв нэгдэл, үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхүйц үйлдэл хийхгүй байх;
4.2.12. намын Удирдах Зөвлөл, бүх шатны намын удирдах байгууллагын шийдвэрийг зөрчихгүй байх.
МАН-ын нэрээр УИХ-д сонгогдож, Засгийн газрын гишүүнээр томилогдсон Т.Аюурсайхан, Ш.Раднаасэд, Ж.Мөнхбат, Б.Энх-Амгалан, Н.Наранбаатар нар хуулийг чанд сахиагүй нь тодорхой болж, гэм буруугаа дэнслүүлэхээ туллаа. Намын дүрмийн дагуу тэд цаашид МАН-аас улс төрийн дэмжлэг авах эрхгүй болж байна. МАН-ын нэрийн өмнөөс сонгуульд нэр дэвших, ажил, ажил албан тушаалд томилогдох боломжгүй гэсэн үг.
Гэхдээ улс төрд цаасан дээр бичсэн дүрмээс илүү эрх ашиг, ашиг сонирхол үйлчилдэг хойно, МАН-ынхан цагаан байшиндаа ямар тохироо хийж байгааг таахад түвэгтэй.
Б.Хэрлэн
Уншиж байна |