Турк, Сири улсад болсон газар хөдлөлт асар их хэмжээний хохирол учруулж, амиа алдсан хүний тоо 20 мянгыг даваад байна. Байгалийн гамшиг хэзээ болохыг тааварлахад түвэгтэйн дээр давагдашгүй хүчин зүйлийн өмнө хүн ухаантай, техник технологи өндөр хөгжсөн байгаад ч мөхөсдөхийн жишээг бид нүдээрээ харж байна. Тэгвэл дэлхий нийтийг савлуулсан энэ газар хөдлөлтөөс бид ямар сургамж авах ёстой вэ.
Турк улсын иргэд стандартын шаардлага хангадаггүй, авлигад идэгдсэн барилгын салбар, аюулгүй байдлыг хангуулаагүй төр засгаа буруутгаж, олон олон иргэний амийг нэхэж байна. Тус улсад 1999 онд газар хөдөлж, 17 мянган хүн амиа алдсаны дараа иргэдээс “газар хөдлөлтийн татвар” авдаг болжээ. Гэвч энэ мөнгө үндсэн зорилгодоо зарцуулагдаагүйн улмаас Туркийн барилгууд хөзөр мэт нурсаныг олон нийт шүүмжилсээр байна. Энэ бол бидний авах гол сургамж.
Монгол Улсын хууль дүрэм, стандартын дагуу бол барилгууд 7-8 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй байх учиртай. Гэвч бодит байдал дээр энэ хэмжээний газар хөдлөлтийг тэсвэрлэнэ гэж итгэж найдахад хэцүү.
Учир нь манай улсын төр засгийн тогтолцоо, барилгын салбар Туркийн адил авлигажсан, стандарт шаардлагыг мөрддөггүй, мөрдүүлдэггүй.
Газар, барилгын зөвшөөрөл олгохоосоо эхлээд танил тал, авлигаар шийдэгддэг. Бетонон ширэнгэ үүсгэчихээд байхад хяналтын байгууллагууд нүдэн балай, чихэн дүлий байдаг. Барилга хоорондын зай, стандарт, нормын тухай яриад ч хэрэггүй, тэр зөвхөн цаас төдий. Төрийн байгууллагууд газар, барилгын зөвшөөрлийг ил далд, хулгай, авлигаар замаар өгсний дараа улсын комисс ч яг энэ замаар ажилладаг. Барилгын норм дүрмийг хангаагүй, бүрэн гүйцэт дуусаагүй олон олон барилгыг улсын комисс хүлээгээд авчихдаг. Өнөө л танил тал, авлига, дарга даамлын заавраар. Харин энэ бүхний горыг иргэд амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө төлдгийг Турк улсын жишээ хангалттай харуулж байна.
Байгалийн гамшиг тулаад ирсэн цагт өндөр шилэн, намхан тоосгон барилга ч газар дээр тогтохгүй нурлаа. Барилгын стандарт, норм дүрмийг хангаагүй, хангуулаагүйн горыг хүн амиараа төлж байна.
Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас 2002 оноос өмнө баригдсан 1 844 барилгад газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварын нарийвчилсан үнэлгээ хийж байна.
Одоогоор үнэлгээ хийгдсэн 944 барилгын 543 нь барилгын үндсэн хийц, бүтээц ослын байдалтай, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогджээ. Үнэлэгдсэн барилгын талаас илүү хувь нь найдваргүй, эрсдэлтэй гэсэн үг.
Монголчуудын тал нь Улаанбаатартаа чихэлдэн амьдардаг. Гэтэл Улаанбаатарын барилгууд чанаргүй, эрсдэлтэй, найдваргүйг дээрх тоо батлаад өглөө. Байгалийн гамшиг тулж ирэхийн цагт найдлагагүй, хөзөр мэт нурах нь тодорхой л гэсэн үг.
Хүний амиар үнэлэгддэг гэдгийг нь тооцож, одооноос ч болтугай хууль дүрэм, барилгын норм стандартыг чангатгаж, ягштал мөрдөж, мөрдүүлэхийг төр засаг, барилгын салбараас шаардахгүй бол оройтсон цагт хашгираад ч нэмэргүй аж.
Б.Хэрлэн