Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас Монгол Улсын үхэр сүргийг ээмэгжүүлэх гэнэ. Нийт 5.5 сая үхэрт ээмэг зүүхэд 13 тэрбум төгрөг зарцуулна гэдгийг Х.Болорчулуун сайд өчигдөр мэдээллээ. Гэхдээ мөнгө нь улсын төсвөөс гарахгүй. Хөдөө аж ахуйн биржийн ашиг, ХХААХҮЯ-ны төсөл хөтөлбөрүүдийг нааш, цааш болгох замаар хөрөнгийг шийдвэрлэхээ салбарын сайд нь мэдээлэв. Үхэр сүрэгтээ ээмэг зүүгээгүй манайх улс дэлхийд ховор учраас яаравчилж, энэ хавартаа багтаан бүх үхрийг ээмэгтэй болгох гэнэ.
Засгийн газрын шийдвэр, Х.Болорчулуун сайдын мэдээллийг сонссон малчид инээж, шоолж байна. “Мөнгө идэх арга нь юм байлгүй” хэмээн мушилзаж сууна.
Монголын малчид малаа Засгийн газраар, Х.Болорчулуун сайдаар заалгахдаа тулаагүй. Хэдэн үеэрээ мал маллаж ирсэн малчид мянга давсан толгой малаа ч нүдэлчихсэн, ямар зүсмийн хэдэн тооны малтайгаа төрөөр, Засгийн газраар, сайдаар заалгахгүй мэдэж байгаа. Төр засгаас ээмэг зүүж өгсөн, өгөөгүй малаа зүсэлж, тоолж хариулж, адгуулсаар ирсэн, цаашид ч үргэлжилнэ. Малын тоо толгой тогтмол байхгүй, өсөж үржинэ, үхэж үрэгдэнэ, идэш хоолонд нөөцөлнө. Жил бүр төрөөс тодорхой хэмжээний хөрөнгө шаардагдана гэсэн үг. Хэдэн тэрбум биш гэхэд саяар тоологдох хөрөнгө зарлагадах нь тодорхой.
Хэдхэн хоногийн өмнө Төрийн ордонд болсон малчин эмэгтэйчүүдийн чуулганы үеэр нэгэн эмэгтэй “төрөөс малчдад зориулан хэрэгжүүлдэг ажил, гаргасан шийдвэр нүдээ олдоггүй”-г хэлж байв. Төрийн ордонд, яамны байшинд суугаа сайд, дарга нар малчинд юу хэрэгтэй, юу тулгамдаж байгааг мэддэггүй. Тиймдээ ч малчин, малд зориулсан нэрээр огт хэрэггүй, наалдацгүй, шаардлагагүй шийдвэрийг сураг, таамгаар гаргадаг. Мал, малчинд юу хэрэгтэй байгааг тэднээс асуух хэрэгтэй. Тэд үхрээ ээмэгжүүлэхээс илүү малчны эрүүл мэнд, нийгмийн даатгалын асуудал, бэлчээр, худаг ус, хүүхдийн сургалтын тухай түрүүлэн ам нээх нь тодорхой.
Үхэрт ээмэг зүүх нь Монголын төрд, малчдад ч тулгамдсан асуудал, шаардлага огтоос биш. Махны экспортод ч гайхамшигтайгаар нөлөөлөхгүй. Монгол малын махны амт, чанарыг таниулах ажил хийгээгүй цагт ээмэгтэй, ээмэггүй жилд экспортолдог багахан мах гардгаараа л гарна.
Тиймээс Х.Болорчулуун сайд аа, таны ээмэгний ажил жинхэнэ “нүдээ олсонгүй”. Салбарын сайд та, мал, малчинд юу хэрэгтэй байгааг тэднээс асуу, тэгээд шийдвэр гарга. Сайдын сэнтийнээс ховхорч, малчны хотонд оч. Өвлийн хүйтэн, хаврын хахир цагт малчинд чухал, шаардлагатай зүйлс, төрийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй байх нь тодорхой. Ажил, асуудлаа эрэмбэл. Ээмэг лав эхэнд биш гэдгийг малчид бэлээхэн хэлээд өгнө.
Хөдөө аж ахуйн оронд Монголд хөдөө аж ахуйн сайдын мэдлэг, мэдрэмж, оновчтой шийдвэр тун чухал юмсан.
Б.Хэрлэн