Монгол Улсад газар хөдлөлтийн давтамж эрс нэмэгдсэн. Онцгой байдлын байгууллагын өдөр тутмын мэдээлэлд өдөр бүр шахам хаа нэгтээ газар хөдөлсөн тухай дурдсан байдаг.
Үүнийг албаны хүн ч баталж байна. ОБЕГ-ын ГУСГ-ын гамшгаас урьдчилан сэргийлэх, сургалт, сурталчилгааны хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Бат-Эрдэнэ “Сүүлийн үeд 4-6 магнитудын газар хөдлөлтийн тоо өсөх хандлагатай байна. Энэ нь газар хөдлөлийн идэвх өссөнийг харуулж байгаа хэрэг. Үүнийг дагаад жижиг газар хөдлөлийн тоо олширсон. Улаанбаатар хот орчмын газар хөдлөлийн идэвхжил 2005 оноос хойш 2-3 дахин өссөн, бидний анхааралд байгаа” тухай ярьжээ.
Мөн тэрбээр “Манай улс газар хөдлөлтийн идэвхтэй бүс. Японы Нагоягийн их сургуулийн судлаачдын дүгнэснээр Налайхаас эхлээд Богд уулын хойд хормой буюу Баянзүрх дүүрэг хүртэл, хойшоо Нарангийн энгэрээр дайрч “Найрамдал” зуслангийн орчимд үргэлжилсэн хагарал байна. Тухайн хагарал нь шулуун чиглэлтэй байх ёстой гэж тооцоолоод шугам татаж үзэхэд Сүхбаатарын талбайг дайрч байгаа мэт харагдана” гэжээ.
Их, бага хүчээр байнга болсоор байгаа газар хөдлөлт нэг л өдөр аюул дагуулж болзошгүй нь дээрх ярианаас тодорхой байна.
Гэтэл бид газар хөдлөлтөөр тоглоом шоглоом хийдэг. Цахим хуудсандаа “Сая газар хөдөлсөн үү” хэмээн биенээсээ сураглаж, “Мэдсэнгүй, дахиулъя, хөх савласангүй” хэмээн маазардаг. Энэ байгалийн гамшиг тоглоом биш гэдгийг Турк, Сири улсын яг одоогийн нөхцөл байдал харуулж байна.
Тэнд хэдэн мянган хүн амь насаа алдаж, байшин барилга шүдэнз мэт нуржээ. Аврах ажиллагаа цаг наргүй үргэлжилж байгаа ч хэнийг хаанаас хайх, хэн хаана амь тэмцэж байгаа нь тодорхойгүй. Байгалийн давагдашгүй гамшгийн өмнө хүн төрөлхтөн хүчин мөхөсдөж байгааг дэлхий даяар харж байна.
Тэгвэл бидэнд газар хөдлөлтийн үед хэрхэн тухай мэдлэг бий билүү?! Мэдэхгүйтэй ялгаагүй, сонссон ч тоодоггүй. Мэргэжлийн байгууллагаас жил бүр хийдэг бэлтгэл сургуулилтад ач холбогдол өгдөггүй. Гэр орондоо ч аюулгүй байдлыг хангадаггүй. Унтдаг орныхоо дээр хувцасны шүүгээ байрлуулж, зураг өлгөдөг. Газар хөдөлвөл шууд дарагдах эрсдэлийг өөрсдөө бий болгодог гэсэн үг.
Одооноос ч болтугай байгалийг басамжлахаа больцгооё. Хэзээ бидэнд тулж ирэхийг хэн ч мэдэхгүй, таах ч боломжгүй. Техник технологи өндөр хөгжиж, бүхнийг шийдэх боломж бүрдэж байгаа ч байгалийг даван гарахгүйг дэлхий нийтэд болж буй гамшгууд харуулсаар байна.
Б.Хэрлэн
Уншиж байна |