Ардчилсан нам Л.Гантөмөр, Д.Ганбат нарыг даргаараа бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд хандаад байна. Өнгөрсөн баасан гаригт УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Ж.Батсуурь тэргүүтэй АН-ынхан Улсын дээд шүүхийн гадаа ирж, Л.Гантөмөрийг намын даргаар бүртгүүлэх хүсэлтээ хүлээлгэн өгсөн. Харин өнөөдөр 12.00 цагт УИХ-ын гишүүн Д.Ганбатыг АН-ын даргаар бүртгүүлэхээр С.Эрдэнэ тэргүүтнүүд Дээд шүүхийн гадаа цуглах нь.
Улсын дээд шүүх материалыг хүлээж авах ч өгөх хариу нь тодорхой. “Дотоод асуудлаа шийдчихээд ир ээ” буюу хоёр хүнийг бус нэг л хүнийг даргаар бүртгэх боломжтой гэсэн хариу өгөх нь мэдээж.
АН-ын хэсэг бүлэг нөхөд Л.Гантөмөрийг намын даргаар сонгосны дараа С.Эрдэнэ тухайн сонгуулийг дүрмийн бус хэмээн мэдэгдсэн. Энэ талаар тэрбээр “Лу.Гантөмөрийг намын даргаар сонгосон гэдэг хурлыг хэн зарласан юм бэ? Хэн дуртай нь намын даргын сонгуулийг зарладаг юм уу? Энэ нам чинь дүрэмтэй, өөрийн гэсэн дотоод зохион байгуулалттай. Намын бүрэн эрхэд хэн дуртай нь халдаггүй юм” хэмээн ярьжээ. С.Эрдэнийн талынхан энэ тухай албан бичгээ ч Дээд шүүхэд хүргүүлсэн байна.
Гэтэл УИХ-ын гишүүн Д.Ганбатыг АН-ын даргаар сонгосон цахим сонгуулийг мөн л хууль бус гэсэн бичиг Улсын дээд шүүхэд очжээ. Д.Ганбаттай хамт намын даргын сунгаанд оролцсон Л.Гүндалай “...С.Эрдэнийн 2023 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулсан цахим сонгууль нь хууль бус тул Д.Ганбатын өргөдлийг хуулийн байгууллага шалгаж үнэнийг тогтоотол хүлээн авахгүй байх” агуулгатай албан бичгийг Дээд шүүхэд хүргүүлсэн байна.
Товчхондоо АН-ынхан хоёр талд сонгуульдаж, хоёр намын дарга сонгоод, эцэст нь биенээ үгүйсгэж эхэллээ. Үүний эцсийн дүгнэлт нь тов тодорхой, Ардчилсан нам албан ёсны даргагүй дахиад талцсаар байх нь. Улсын дээд шүүх нэгнээ үгүйсгэсэн хоёр даргын асуудлыг намд нь даатгаад үлдээнэ, бүртгэх ч боломжгүй.
АН-ын амтай бүхэн нь “манай нам хуваагдаагүй” гэж ярьдаг ч эрх ашиг нь эвлэрэхгүй байгааг бодит байдал харуулсаар байна. Сонгууль хаяанд ирсэн энэ үед АН-ын хуваагдаж, талцсан энэ байдал эрх баригчдад л ашигтай.
Ямартай ч АН-ын хаврын улс төр сандал ширээний асуудлаар үргэлжлэх нь нэгэнт тодорхой боллоо. Эрх баригчдын тавьсан өгөөшинд хөл алдаж, толгойгоо олохгүй явсаар сонгуультай золгох нь.
Б.Хэрлэн