Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн хуралдаанаар ковидын төсвийг олон нийтэд нээлттэй болгох үүргийг Шадар сайд С.Амарсайханд өгсөн. Засгийн газраас өгсөн үүргийн дагуу бол Шадар сайд С.Амарсайхан тухайн өдрөөс хойш долоо хоногийн дотор ковидын төсвийг олон нийтэд ил болгох ёстой байв. Гэвч өнөөдрийг хүртэл ковидын төсөв нууц хэвээр байна.
Шадар сайд С.Амарсайханд үүрэг өгснөөс хойш нэг сар 10 хоногийн хугацаа өнгөрлөө. Засгийн газраас өгсөн үүргийг Шадар сайд С.Амарсайхан биелүүлсэнгүй.
Цар тахлын жилүүд буюу 2019 оноос хойш улсын төсөв, олон улсын зээл тусламжийн ямар хэмжээний хөрөнгийг хэрхэн зарцуулсан нь өнөөдөр ч тодорхойгүй байна.
Шадар сайд С.Амарсайхан хамгийн сүүлд энэ тухай 2022 оны 12 дугаар сарын 12-нд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Ковидын төсөвт хийсэн аудитын дүгнэлтийг удахгүй танилцуулна” хэмээн мэдэгдсэн ч сураггүй хэвээр байна.
Коронавирусийн халдвар дэгдсэн 2019 оноос хойших улсын төсөв бүхэлдээ Засгийн газрын эрх мэдэлд шилжсэн. Тиймдээ ч УИХ-ын гишүүд парламент Засгийн газрын үйл ажиллагаа, улсын төсөвт хяналт тавих боломжгүй болсныг удаа дараа мэдэгдэж, дэмий гомдоллосоор хуулийн хугацааг дуусгавар болсон.
Ковидын хуулийн халхавчин дор Засгийн газар бүх эрх мэдлийг гартаа атгаж, хөрөнгө санхүүг хэрхэн захиран зарцуулахаа хэнээр ч заалгаагүй. Харин одоо улсын хөрөнгө, олон улсын зээл тусламжийг хэрхэн зарцуулснаа тайлагнах цаг нь болсон.
Угаас ард түмэн төр засагт итгэх итгэлээ алдаж, зарцуулсан нэг төгрөгийн араас ч чих тавьж байгаа. ЖДҮХС, Хөгжлийн банк, Нүүрсний хулгай, төрийн байгууллагуудын тендер гэхчлэнгээр төрийн хөрөнгийг хулгайлж, хумсалсан баримт нотолгоонууд хангалттай хэмжээгээр ил болж, ард түмэн анхааралтай ажиглаж байна. Энэ бүхний араас коронавирусийн халдварын эмчилгээ, үйлчилгээнд зарцуулсан их хэмжээний хөрөнгө буруу гараар орж, хулгайлагдсан байхыг үгүйсгэх ч аргагүй.
Тиймээс Шадар сайд аа, ковидын төсвийн зарцуулалтаа тайлагнаж, ил болгоно уу. Танхимын чинь өгсөн үүргийн хугацаа хэдийнэ дуусаж, бүтэн сарын хугацаа өнгөрчихлөө.
Б.Хэрлэн
Уншиж байна |