Өрхийн мэдээллээ засуулаад хүсэлт гаргасан өдрөөс Хүүхдийн мөнгийг нөхөж олгоно
Хүүхдийн 100 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмж олгох асуудал Монгол төрийн үнэн төрхийг харуулж байна. Цахим үндэстэн болох зорилготой манай улсын төрийн мэдээлэл ямар ч эмх цэгцгүй, шинэчлэл хийдэггүй, алдаа завхралаар дүүрэн байгааг улс даяараа харлаа. Гэр бүлийг хүүхэдгүй болгосон эсвэл танихгүй хүүхэд нэмж бүртгэсэн, огт машингүй хүнийг машинтай болгосон гэхчлэнгээр алдаа завхрал тоо томшгүй гарлаа. Гэвч төрийн байгууллагууд энэ алдаагаа хүлээн зөвшөөрсөнгүй. Харин иргэдийг буруутгаад өнгөрлөө.
ХНХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаяр "Монгол Улс анх удаа төрийн мэдээллээ ашиглаж, тооцоолол хийсэн" гэдгийг удаа дараа давтан хэллээ. Түүнийхээр бол анх удаа ашигласан учраас алдаа завхрал гарах нь ойлгомжтой бололтой.
Монгол Улсад бүртгэлгүй юм үгүй. Шинэ хүн мэндэлсэн, нас барсан, үл хөдлөх хөрөнгө авсан, зарсан, машинтай болсон гэхчлэнгээр бүхнийг төрийн байгууллагуудад бүртгүүлж, тодорхой үйлчилгээнүүдийг авдаг. Гэтэл өнөөдөр иргэд өөрсдөө мэдээллээ бүртгүүлээгүй, засаагүй буруутнууд болоод өнгөрч байна.
ҮСХ, ТЕГ, НДЕГ, АТҮТ, УБЕГ гэсэн төрийн таван байгууллагын 12 үзүүлэлтээр өрхүүдээ үнэлсэн гэнэ. Үнэлсэн аргачлал нь Бразил, Турк, Тайланд зэрэг дэлхийн 40 гаруй оронд ашигладаг өрхийн орлого, хөрөнгийн мэдээлэлд үндэслэдэг тооцоолол гэв. Ямар ч аргаар бодсон Монголын төрд байгаа мэдээлэл нь худал хуурмаг, алдаа завхралаар дүүрэн учраас үнэн зөв хариу гарахгүй. Иргэдийг дүүрэг хороо, улсын бүртгэлийн байгууллага, татвар, нийгмийн даатгал, авто тээврийн газар руу дахин давтан явуулж, чирэгдэл учруулахаас цаашгүй. Энэ бол монгол төрийн завхарсан үнэн төрх.
ҮСХ- ны дэд дарга Д.Лхамсүрэн "Өрхийн аж байдлын үнэлгээг хийсэн аргачлал зөв ажиллаж байгаа гэдэгт боловсруулсан баг, ажлын хэсэг бүрэн итгэлтэй байна" гэв. Төрийн мэдээлэл нь алдаагаар дүүрэн байхад үнэн зөв ажиллах уу? Үнэн зөв ажилласан юм бол яагаад иргэдийн хүүхэд алга болж, нэмэгдэж бичигдээд байгаа юм бэ. Хэнийг хуураад байгаа хэрэг вэ?
Монгол Улс 970 мянган өрхтэй. Үүнээс 568 000 өрх нь 0-18 насны хүүхэдтэй. Эндээс 78 000 өрхийн 113 000 хүүхэд Хүүхдийн мөнгөнөөс хасагджээ. Хэмнэлт нь 10 тэрбум төгрөг. Монголын төр хүүхдүүдийг ялгаварлан гадуурхаж, 10 тэрбум төгрөг хэмнэж байгаа гэнэ.
Нүүрсний хулгай, Хөгжлийн банкны цөлмөлт, тендер гэхчлэнгээр төрийн булхай луйварууд хэдэн их наядаар яригдаж байхад ийм хэмнэлт хийж, хүүхдүүдийг ялгаварлан гадуурхаж байгаагаасаа ичих хэрэгтэй.
Монгол хүүхдүүдийг ялгаварлан гадуурхаж, 91 хувьд нь сарын 100 мянган төгрөг өгөхдөө ч төрийн байгууллагууд ажлаа зөв хийсэнгүй. Иргэдэд асар их чирэгдэл учруулж, бөөн бухимдал дагууллаа. Хамгийн харамсалтай нь алдаа завхралаа хүлээн зөвшөөрсөнгүй.
Б.Хэрлэн