Шударга ёс, тэгш байдлыг шаардсан залуусын жагсаал Сүхбаатарын талбайд ес дэх өдрөө үргэлжилж байна. Жагсагч залуус нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон эрх мэдэлтэн, албан тушаалтнуудын нэрийг зарлахыг шаардсан хэвээр байна.
Залуусын жагсаалыг өөрсдийн эрх ашгийн төлөө, янз бүрийн байдлаар ашиглахыг хүсэгчид хаа сайгүй гарч ирэв. Өнгөрсөн амралтын өдрүүдэд олон нийтийн сүлжээний хэрэглэгчид “өнөөгийн нийгэм харанхуй байна” гэсэн тайлбартайгаар нүүр зургаа харанхуйлав. Нийгэм харанхуй байгаа нь үнэн. Тэгш бус байдал газар авч, эрх мэдэл, албан тушаалтнууд төрийн эрхийг аваад зогсохгүй, ард иргэдийн боломжийг хулгайлж байгаа нь үнэн.
Өнгөрсөн 30 жилийн хугацаанд төрд гарсан бүхэн хулгай хийж, зөвхөн өөрийнхөө эрх ашгийн төлөө ажилласны горыг өнөөдөр мянга мянган залуус эрүүл мэндээрээ төлж байна.
Гэхдээ тэсгим өвлийн хүйтэнд гадаа зогсож байгаа залуус харанхуйг хүсээгүй. Тэд гэрэл гэгээ рүү тэмүүлж байгаа. Залуус эх орондоо шударгаар хөдөлмөрлөж, сайхан амьдрахыг мөрөөдөж, өвлийн хүйтнийг үл ажран хүйтэн шалан дээр зогсож байна. Тэдний жагсаал цуглааны зорилгыг гажуудуулж, өөрсдийн эрх ашигт ашиглахыг олон нийт, иргэд хүлээн зөвшөөрөхгүй. Хэдийнэ харанхуй болсон нийгмийг гэрэл гэгээтэй болгохоор тэд жагсаж байна.
1990 оны ардчилсан хувьсгалаас хойш жагсаал цуглаан ийм олон хоногоор үргэлжилж байсангүй. Ихэвчлэн улс төрийн зорилготой жагсаал цуглаанууд зорилгоо биелүүлээд тардаг байлаа. Харин нүүрсний хулгайчдыг зарлаж, хариуцлага тооцохыг шаардсан залуусын жагсаал бол монголчуудын дуу хоолой. Энэ жагсаалд ирсэн хүн бүхэн шударга ёсыг шаардаж, тэгш боломжийг хүсэж байна.
Монголчуудын энэ удаагийн дуу хоолой амархан алдрахгүй, худал хуурмагт автахгүй, мөнгөөр үнэлэгдэхгүйг өнгөрсөн найман өдрийн залуусын тэмцэл харууллаа.
Тэртээ 32 жилийн өмнө цогцлоосон ардчиллын буянаар залуус үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, жагсаж цуглах эрх чөлөөг эдэлж, эх орондоо шударга ёсны бас нэгэн хувьсгал хийхээр тэмцэж байна.
Тэд түнэр харанхуйг огт хүсээгүй. Харин гэрэл гэгээ рүү тэмүүлж байгаа.
Б.Хэрлэн