Монгол залуусын шударга ёс шаардсан жагсаал цуглааныг дэлхийн хэвлэлүүд онцолж эхэлжээ. Олон улсын анхаарлыг төдийлөн татаад байдаггүй Монгол Улсын хулгайн асуудал энэ удаа дэлхийн сонирхлыг татжээ. Энгийн иргэн биш төр, засгийн эрх мэдэлтнүүд, бизнесийн бүлэглэлүүд холбогдсон том хулгай учраас тогооноосоо хальсан хэрэг.
Хөрш орнууд ч өөр өөрийн байр суурийг илэрхийлээд эхэлж. БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин “Монголын талаас албан ёсны хүсэлт гаргасан тохиолдолд БНХАУ-ын эрх бүхий байгууллагууд хуулийн дагуу шаардлагатай туслалцааг үзүүлэхэд бэлэн” гэж мэдэгдэв.
Нүүрсээ зарах гэж гуйдаг байсан бид одоо нүүрсний хулгайчдаа илрүүлэх тусламжийг Хятадаас гуйхдаа тулсан нь энэ.
Угаас манай улсын прокурорын байгууллага экспортолсон нүүрсний хэмжээг тулгахын тулд Хятадаас туслалцаа авах шаардлагатай тухай албан бичгийг Ерөнхий сайдад илгээж, улс төрийн дэмжлэг хүсээд буй. Тэгэхээр Монголоос бичиг илгээвэл Хятад татгалзахгүй нь тодорхой боллоо. Гэхдээ итгэж болох баталгаатай мэдээлэл мөн эсэх, гадаад улсын мэдээллээр албан тушаалтнуудаа яллах эсэх гээд сайтар нягтлах олон асуудал урган гарна.
Ингэж урд хөрш туслахад бэлэн байгаагаа илэрхийлсэн бол оросууд Монгол-Хятад хоёрын хооронд яс хаяж байна. Оросын Бүс нутгийн асуудлын хүрээлэнгийн захирал Дмитрий Журавлев “Монголд болсон эсэргүүцэл Хятадын дэмжлэгтэй” хэмээн мэдэгдэж, “Монголын Засгийн газар Хятадад нэг их таалагддаггүй. Нүүрс хаашаа алга болсон нь тэдэнд илэрхий байгаа. Нүүрсийг Хятадад "өөр тийш" зарчихсан. Нүүрсийг хэн, хэрхэн хулгайлсныг хятадууд мэдэж байгаа. Энэ бол төрийн өндөр албан тушаалтнуудын хүрээллийн л хүмүүс гэдэг нь илэрхий " гэж ярьжээ. Түүнийхээр бол Хятад өөрийн эрх ашгийн төлөө Монголд “тусалж” байгаа аж.
Ямартай ч Монголын хулгай дэлхийн чихийг дэлдийлгэж байна. Төрийн өндөр албан тушаалтнууд нь шууд холбоотой энэ хулгайн эзэд хэзээ тодрох нь бүр анхаарал татсан асуудал. Яригдсаар багагүй хугацаа өнгөрсөн ч таамаг төдий нэрс, баталгаагүй тоо хэмжээтэй суусаар л байна.
Залуусын жагсаал цуглааныг намжаахын тулд эрх баригчид өөрсдөдөө үүрэг чиглэл өгч тоглон, цаг аргацааж байна. 11 дүгээр сард задална гэсэн оффтейк гэрээ өнөөдөр ч нууцад хав дараастай. Гэтэл МАН-ын бүлэг нүүрсний оффтейк гэрээг нууцаас гаргах, задлах чиглэлийг Засгийн газарт өгсөн ч байх шиг.
ҮАБЗ-ийн шийдвэрээр нууцад оруулсан гэрээг эрх баригч намын чиглэлээр ил болгохгүй нь тодорхой. Гагцхүү МАН-ынхан цаг хожихыг л хүсэж байна. Аман дээрээ бүгд нүүрсний хулгайг ярьж, илчлэх хүслээ илэрхийлж байгаа ч ардаа хэрхэн наймаалцаж байгаа нь тодорхойгүй.
Олон улс үйл явдлыг зүгээр нэг сонирхоод өнгөрөхгүй. Монгол Улс хариуцлагыг хэрхэн тооцдогийг анхааралтай ажиглаж байгаа. Хөрөнгө оруулагчид ч чихээ дарж, нүдээ аниад өнгөрөөхгүй.
Б.Хэрлэн