Монгол Улс газрын тосны нөөцтэй ч боловсруулдаг үйлдвэргүй. Түүхий тосоо хямд экспортолж, бэлэн бүтээгдэхүүн үнэтэй импортолдог байгаагийн зовлонг олон жил амсаж буй улс. Орос крантаа хаахад Монгол Улс Хятадыг царайчилж, иргэд нь машинаа түрж алхдаг. Ийм хомстол манай хаалгыг байнга тогшдог бөгөөд цаашид ч үргэлжлэх төлөвтэй. Бидний мөрөөдөл болсон газрын тосны үйлдвэр хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүйгээс гадна олон улсын нөхцөл байдал ч амаргүй байна.
Манай улс газрын тосны нийт бүтээгдэхүүний 70 орчим хувийг ОХУ-ын Роснефть компаниас импортолдог. Дайтаж байгаа Орос улсаас шууд хамааралтай учраас нийлүүлэлт хэвийн, үнэ байнга тогтвортой байна гэж найдах боломжгүй. Засгийн газар Роснефть компанитай хэлэлцээ хийж, АИ-92 автобензинийг 2027 он хүртэл тогтвортой үнээр, дизель түлшийг 10 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авахаар тохирсон хэмээн хэвлэлээр нэг шуугисан. Гэхдээ энэ ерөнхий гэрээ шатахууны үнийг өнөөдрийн түвшинд таван жилийн хугацаагаар барина гэсэн үг биш. Олон улсын хөрөнгийн бирж дээр нээлттэй арилжаалагддаг газрын тосны үнэ дэлхийд өрнөж буй үйл явдлуудаас шууд хамаарч, маш мэдрэгээр өсөж, буурч байдаг. Товчхондоо ОХУ-Украины дайнаас шууд хамаарна гэсэн үг. Тэгэхээр манай Засгийн газар таван жилийн гэрээтэй, бид нэг үнээр шатахуун авна гэж найдах нь хий хоосонд итгэсэнтэй адил.
Цар тахал, ОХУ-Украины нөхцөл байдал зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан дэлхийн зах зээл дээрх нэг баррел түүхий нефтийн арилжааны үнэ 2020 оны 05 дугаар сард 17 ам.доллар байсан бол өнөөдөр 85.09 ам.доллар болж өссөн.
Хэдийгээр 12 дугаар сард гадна талд нефтийн үнэ буурах төлөвтэй байгаа ч манайд шатахууны үнэ буурах боломжгүй. Учир нь ам.долларын ханш тэнгэрт хадаж, төгрөг шалан дээр хэвтэж байгаа.
Валютын ханшаа алдсан манайд гадна ам.долларын өртөг тогтвортой байлаа ч төгрөг рүү шилжүүлэхэд импортлогчдод алдагдалтай.
Төр салбар салбарын үнийг барьж, чөлөөлөхгүй байсаар эцэстээ сөхөрч унахад хүргэдэг. Яг одоо эрчим хүчний салбар энэ зовлонг амсаж байгаа. Дараагийнх нь газрын тосны салбар болоход ойрхон байна. Шатахууны үнийг албаар барьж, импортлогч хэдэн компанийг элдэв янзаар дарамталсаар өнөөдрийг хүрсэн нь бодит үнэн.
Газрын тос боловсруулах үйлдвэргүй, шатахууны хэрэгцээгээ 100 хувь импортоор хангадаг улс үнийг барьж, аргацаасаар байвал салбарыг алдагдалд оруулж, унагахаас өөрцгүй. Түлш, шатахууны үнийг чөлөөлж, дэлхийн зах зээл дээр бүтээгдэхүүний үнэ өсвөл дагаж өсөж, буурвал дагаж буурдаг чөлөөт зах зээлийн зарчимд шилжүүлэх нь зөв зам. Чөлөөт зах зээлд шилжчихээд хэдий хүртэл социализмын зарчмаар аргацаах билээ.
Б.Хэрлэн