Эрүүл мэндийн сайд С.Энхболд олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг монголчуудад уриалав. Коронавирусийн халдвар хүрээгээ тэлж, хүйтний улирлаас шалтгаалсан томуу, томуу төст өвчлө эрс нэмэгдсэнээс гадна уг хоёр өвчин хавсарч, хүндрэх төлөвтэй байгаа учраас олуулаа нэг дор цуглахгүй байхыг анхааруулав.
Эрүүл мэндийн сайд олон нийтийн арга хэмжээг хориглож, хаах боломжгүй. Тиймээс эрх мэдлийнхээ хүрээнд халдварт өвчний эрсдэл өндөр байгааг анхааруулж, уриаллаа. Товчхондоо эрүүл мэндийн салбар асуудлыг ард иргэдийн ухамсарт үлдээсэн гэсэн үг.
Цар тахлын хоёр жил аливаа баяр ёслолыг өргөн дэлгэр, нүсэр тэмдэглэхгүй байж болдгийг харуулсан. Шинэ жилийн үдэшлэг, цагаан сарын баярыг аль болох цомхон, гэр бүлийн хүрээнд тэмдэглэх нь эрүүл мэндээ хамгаалахаас гадна хөрөнгө санхүүгийн хувьд ч хэмнэлттэйг бид харсан, мэдэрсэн. Тиймээс энэ оны шинэ жилийн үдэшлэгийг ч алгасъя.
Байгууллагын, нутгийн зөвлөлийн, анги хамт олны, найзуудын, аймаг, сумдын, холбоодын, нам фракцын, цэцэрлэг сургуулийн шинэ жилийн цэнгүүн гэх элдэв нэр хочтой хүний бөөгнөрлөөс татгалзъя.
Олон арав, зуугаараа ширээ тойрон идэж, уусан арга хэмжээ ардаа асар их эрсдэл дагуулдгийг эрүүл мэнд, цагдаагийн байгууллага анхааруулсаар байдаг. Гэр бүлийн баяр гэдэг жинхэнэ утгаар нь, зөвхөн гэр бүлийн хүрээндээ тэмдэглэе.
Шинэ жилийн үдэшлэгт орохоор гоёж гангалаад гарсан олон олон хүн гэртээ эргэж хариагүй гашуун түүхүүд ч бий. Гэмт хэргийн гаралт, эрүүлжүүлэгдсэн, хөлдсөн хүний тоо ч бага биш. Цар тахалгүй үе буюу 2019 онд нийслэлд 20 261 гэмт хэрэг бүртгэгдэж байсан бол цар тахлын дэглэмтэй 2020 онд гэмт хэрэг 14 633 болж, 27.8 хувиар буурчээ. Цар тахлын улмаас шинэ жилийн элдэв үдэшлэг болоогүй, хүмүүс архидан согтуураагүй, хэн нэгэн эрүүл мэнд, амь насаараа хохироогүй, хэсэг бүлэг нь гэмт хэрэгт холбогдоогүй гэсэн үг. Харин цар тахлын дэглэм суларсан 2021 онд нийслэлд 16 534 гэмт хэрэг гарч, 2020 оноос 13 хувиар өссөнийг цагдаагийг байгууллага статистик мэдээлэлдээ дурдсан байна.
Цар тахал ч бүрэн намжаагүй, улс орон, өрх гэр бүл, байгууллагын санхүү, эдийн засгийн нөхцөл байдал ч амаргүй байна. Тиймээс эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа хэмнэн, энэ жилийн шинэ жилийн үдэшлэгийг ч улс даяараа алгасъя. Цаашид ч хэвшил болгон нүсэр баяр, хавтгайрсан архидалтаас ангижиръя.
Б.Хэрлэн