МАН-ынхан ипотекийн зээлийн эргэн төлөлтийг дахин хойшлуулах асуудлыг судалж буй гэнэ. Ажлын хэсэг нь зээлийн төлөлтийг 2023 оны долоодугаар сарын 01 хүртэл хойшлуулах саналтай байгааг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өчигдөр мэдээллээ. Товчхондоо орон байртай болохын төлөө зүтгэж байгаа мянга мянган залуусын хүсэл, зорилгыг нухчин дарна гэсэн үг. Яг л иргэндээ, эх орондоо өс хонзонтой мэт.
Энэ яавч ард түмнээ бодсон шийдвэр биш гэдгийг захын хүн хэлээд өгнө. Цар тахлын үед бол аргагүй байсан гэж ойлгоё. Харин одоо амьдрал хэвийн үргэлжилж байна. Нэг хэсэг нь зээлээ төлж, төлсөн мөнгийг нь нөгөө хэсэг нь зээл болгон авч, орон байртай болдог энгийн л зарчим. Иргэн орох оронтой болохоос гадна барилгын салбарын эргэлт, ажлын байр, тэнд ажиллагсдын цалин гээд нийгэм, эдийн засгийн олон асуудал энэ зээлд агуулагдаж буй. Дэлхийн олон орон моргажийн зээлээр ард түмнээ орон байртай болгодог, тэр нь зах зээлийн зарчмаараа явдаг. Харин Монголд эсрэгээрээ, улс төрийн тоглоом шоглоом, сонгуулийн урьдчилгаа болгодог.
Ипотекийн зээлийн төлөлтийг хойшлуулах МАН-ын шийдвэр алга таших хүн олдохгүй. Аль хэдийн зээл авсан хүмүүст ч ашигтай шийдвэр биш. Тэдний зээлийн хэмжээ, хүү, төлөлт хэвээр хадгалагдаж, зөвхөн өртэй байх хоногийн хугацаа л сунана. Өөрөөр иргэнд ямар ч ашиггүй.
Харин МАН-ынхан сонгуулийн урьдчилгаа болгож өөрсдийгөө хуурч болох юм. Эргэн төлөлтийг дахин хойшлуулбал шинээр зээл гаргахгүй гэдгийг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн тодорхой хэлээд өгсөн.
Иргэдээ хохироон байж, гацааж зогсоосон ипотекийн зээлийг сонгуулийн өмнө үргэлжлүүлж, ард түмний саналыг худалдаж авахыг санаархах нь тодорхой.
Муу муухайгаа аваачиж чихдэг цар тахал, геополитикийн хүндрэлээс болж зогсоод байсан ипотекийн зээлийг дахин үргэлжүүлэхээр боллоо гэж шоудах нь тодорхой. Угаас эрх баригчид үүнээс илүүг сэтгэж чадахгүй. Нэг гараараа босгохыг санаархаж, нөгөө гараараа нураасаар өнөөдрийг хүрсэн нь бодит үнэн.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн үглэн дуулан яваа “Алсын Хараа-2050” бодлогын баримт бичигт Монгол Улсыг чинээлэг дундаж давхарга зонхилсон орон болгоно зорилт бий. Тэр чинээлэг дундаж давхаргаа орох оронтой, унах унаатай, эрүүл мэнд, боловсрол, аялал зугаалгадаа зориулах хадгаламжтай хэсэг бүлэг гэж “Алсын Хараа-2050”-д тодорхойлсон байдаг.
Таны толгойлсон нам, удирдсан Засгийн газрын чинь ачаар тавьсан зорилго чинь цаасан дээрээ үлдэх нь, Ерөнхий сайд аа. Харамсал илэрхийлье!
Иргэдээ орон байртай болох боломжийг нь боомилчихоод чинээлэг дундаж давхаргатай улс болно гэж мөрөөдөөд ч хэрэггүй. Орох орон, ойчих аяга мөрөөдөж яваа иргэнд чинээлэг дундаж давхарга гэсэн нэр доромжлол болно гэдгийг ойлгоно биз.
Б.Хэрлэн