Аудитын байгууллага ХНХЯ-нд маш хангалтгүй, муу гэсэн дүн тавилаа
Нийгмийн бодлогын байнгын хорооны өчигдрийн (2022.10.04) хуралдаанаар “Төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн бодлогын хэрэгжилт, үр дүн”-гийн талаар Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудитын тайланг сонслоо.
Аудитын тайланд гялайж гялтайх ганц ч үг байсангүй. Товчхондоо аудитын байгууллага Монгол төрийн бодлого, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны үйл ажиллагаанд маш хангалтгүй, муу гэсэн үнэлгээ тавьжээ. Үүнийг аудитын байгууллагаар хэлүүлэх шаардлагагүй ч албажуулсан нь сайн хэрэг. Монгол Улсын ядуурал, ажилгүйдлийн түвшин, хөдөлмөр эрхлэлт, ажлын байр, цалин хангамжийн тогтолцооны бодит байдал төрийн бодлого, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны үйл ажиллагаанд хангалтгүй гэсэн үнэлгээг аль хэдийнэ тавьчихаад буй.
Аудитын байгууллагын тайланд “Хөдөлмөр эрхлэлтийн салбарт хэрэгжүүлсэн бодлогын хэрэгжилтийг хэмжих, үнэлгээ, үр нөлөөг тооцох хяналтын нэгдсэн тогтолцоо хангалтгүй байгаа нь ажилгүйдлийг бууруулах халамжаас хөдөлмөрт шилжих бодлогын үнэ цэнийг бууруулж байна” гэжээ. Хэрэгжүүлсэн бодлогынхоо үр дүнг тооцдоггүй байхад 1500 хүнийг үсчний сургалтад хамруулж, сам, сэнсээр хангаад нэмэргүй гэсэн үг.
Цаашлаад аудитын тайланд Монголд ядуурал газар авч, ажилгүйдэл тэлэх нь гарцаагүй юм байна гэсэн дүгнэлтэд хүрэхээс өөр аргагүй үг, өгүүлбэр олон бий. Тухайлбал:
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь 2016-2020 онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг бодлогын хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөөгүй хэрэгжүүлсэн байна. Энэ яамныхан иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ёстой гэсэн үндсэн чиг үүргээ ухаарсан ч юу хийхээ мэдэхгүй, яаж ажиллахаа төлөвлөөгүй.
Аудитын байгууллагын тайланд дурдсан Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны алдаа, завхрал
- Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийг мөрдөөгүй
-Бодлогын баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, хүрэх түвшнээ хангаагүй
-Ажилгүйдлийн түвшин зорилтот түвшинд хүрээгүй, ахиц гараагүй
- “Ковид-19” цар тахалтай холбоотой хөнгөлөлт, чөлөөлөлт, дэмжлэгийн арга хэмжээний хүрээнд Нийгмийн даатгалын санд үүссэн 651.5 тэрбум төгрөгийн авлагыг хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй
-Хөдөлмөр эрхлэлт хариуцсан төрийн байгууллагуудын бүтэц, чиг үүрэг харилцан уялдаагүй
-Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг бодитой судалгаанд үндэслэн тооцоолоогүй
-Хөрөнгийн эх үүсвэрийг бодит хэрэгцээ шаардлага, санхүүгийн тооцоололд үндэслэхгүйгээр төлөвлөн хэрэгжүүлж ирсэн
-ХНХЯ-ны дотоод хяналт сул
-Төсөл, хөтөлбөрийн хүрээнд олгосон санхүүгийн дэмжлэгийг зориулалтын дагуу зарцуулаагүй, эргэн төлөлт хангалтгүй, хугацаа хэтэрсэн авлагын дүн жилээс жилд өсөж 12.7 тэрбум төгрөг болсон
-Байнгын ажлын байраар хангагдсан хүний тоо тодорхойгүй
-Heds.axplorer.net цахим системд санхүүгийн дэмжлэг авсан этгээдийн регистрийн дугаар давхардсан, 643 гэрээний мэдээлэлд нэг ижил утасны дугаар 2-55 удаа бичигдсэн зураг тоо томшгүй зөрчил, дутагдлыг аудитын тайланд дурджээ.
Иргэдээ “ул” хэмээн гоочилдог Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамныхан үнэн хэрэгтээ өөрсдөө “ул” юм. Энэ яам Засгийн газрын “Халамжаас Хөдөлмөрт” бодлогыг хэрэгжүүлж чадахгүй нь аудитын дүгнэлтээс хангалттай харагдаж байна. Төрийн бодлогыг хэрэгжүүлэх үүрэгтэй энэ яамнаас ядуурлыг бууруулж, ажлын байрыг нэмэгдүүлэн, хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ гэж горьдолтгүй аж.
Б.Хэрлэн