МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга болсноосоо хойш нэг л үгийг улиг болтол хэлж яваа.
Түүний удаа дараа хэлсэн “Төр аливаа бизнесээс татгалзана. Төр хувийн хэвшлээ дэмжинэ, тэдний бизнестэй өрсөлдөхгүй. Төр нэг гараараа зөвшөөрөл өгчихөөд, нөгөө гараараа хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлээ дарамталж болохгүй” гэсэн үгийг улс төр сонирхдог, мэдээ үздэг хүмүүс бараг цээлжилсэн биз.
Засгийн газар ч 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр шийдвэр гаргаж, төрийн зарим ажил, үйлчилгээг төрийн бус байгууллага, хувийн хэвшилд шилжүүлсэн. Монголын төр одоо л бизнесээс татгалзаж, бодлого боловсруулдаг үндсэн үүргээ гүйцэтгэх нь гэж иргэд, хувийн хэвшлийнхэн ч талархсан нь мэдээж.
Монгол Улсын сайд Төрийн ордонд ийн гоё зүйл ярьж, шүлс нь хатаж амжаагүй байтал бодит байдал дээр төр хувийн хэвшлийн бизнесийг булааж, зэрэгцэн оршихоор дайрч буй баримт дэлгэгдэв.
Боодол бохины үнэнд хүрэхгүй болсон малын арьс, ширийг боловсруулах үйлдвэр барихаар “Дархан арьс ширний цогцолбор” ХХК 2018 оноос ажиллажээ. Энэ үйлдвэр баригдаж ашиглалтад орвол наанадаж малчид орлоготой болж, цаашлаад Монголын аж үйлдвэр, экспортод том үүрэг гүйцэтгэх нь тодорхой.
Гэтэл жилд 10 сая ширхэг арьс, шир боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувийн гүйцэтгэл дээрээ таг гацжээ. Шалтгаан нь өнөө л төр хэлснээсээ буцаж, тодорхойгүй байдал үүсгэсэнтэй холбоотой. Төрийн сайд, дарга нарын хэлсэн үг, Засгийн газрын гаргасан тогтоол ёсоор бол энэ үйлдвэрийг төр-хувийн хэвшил хамтран байгуулах учиртай. “Дархан арьс ширний цогцолбор” ХХК-ийн хэрэгжүүлж буй төслийн эзэмшил, ашиглалтыг хариуцах, дэд бүтцийн ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх үндсэн чиг үүрэгтэйгээр “Дархан арьс ширний цогцолбор бүтээн байгуулалт” ТӨХК-ийг Засгийн газрын 185 дугаар тогтоолоор байгуулжээ. Улсын бүртгэлийн газар ижил нэртэй байгууллагыг бүртгэхгүй нь тодорхой учраас төр “бүтээн байгуулалт” гэсэн хоёр үг нэмээд компани байгуулчихаж.
Хачирхалтай нь хувийн хэвшилд дэмжлэг үзүүлэх ёстой төрийн өнөөх компани нь “Дархан арьс ширний цогцолбор” ХХК-ийн төслийн талбайд яг ижил чиглэлийн арьс ширний үйлдвэр байгуулахаар санаархаж эхэлжээ. Бүр ТЭЗҮ хийлгэхээр хөөцөлдөж эхэлсэн гэнэ. Хувийн хэвшил бас төрийн арьс ширний үйлдвэр зэрэгцэн ажиллаж, хэнийгээ татаж унагахаа үзэхээр шийдсэн бололтой.
Энэ бол Монгол төрийн бодит байдал. Сайд, дарга нар зурагтаар гоё зүйл ярьж, цаасан дээр Шинэ сэргэлтийн бодлого мандаж байх хооронд төслийн талбайд төр хувийн хэвшлийн бизнесийг булааж, зэрэгцэн оршихоор улайрч байна. Д.Амарбаясгалан сайдын хэлсэн “Төр хувийн хэвшлээ дэмжинэ, тэдний бизнестэй өрсөлдөхгүй” гэсэн үг хадны цуурай мэт замхарч байгаа нь энэ.
Бодлого гаргах ёстой төр бизнес эрхэлж, компани ажиллуулна гэдэг үнэндээ утгагүй. Тэгээд ч Монгол төрийн ажиллуулсан компани ашигтай ажилласан түүх ховор. Тухайн компанийн орлогын ихэнх хувь нь улс төрийн томилгоогоор очсон авлигачид, шамшигдуулагчдын хэтэвчийг зузаалж, багахан хувь нь улсын төсөвт дусал болон ордог. Ийм гашуун үнэнийг дахин дахин давтах ямар шаардлага байгааг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангаас асууя. Тэгээд ч даахгүй нохой булуу хураах шаардлагатай гэж үү?!
Б.Хэрлэн