ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин есдүгээр сарын 21-ний өдөр хэсэгчилсэн дайчилгаа зарласны дараа энэ улсад цэргийн комиссарын газруудыг шатаах явдал дахин эхэлсэн талаар ВВС агентлаг мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, Оросын зургаан бүс нутагт сүүлийн гурав хоногт орон нутгийн цэргийн комиссарын газруудыг шатаах оролдлого гарсан байна. Түүнчлэн хотын захиргааг шатаахыг ч завдсан талаар ВВС мэдээлжээ.
Тодруулбал, есдүгээр сарын 22-нд шилжих шөнө Ленинград мужийн Ломоносовын районы цэргийн комиссарын газар байрлах байрыг үл мэдэгдэх хүмүүс шатаажээ. ВКонтакте сүлжээнд байршуулсан бичлэгээс харахад барилгын нэг давхрын цонхноос гал гарч байх аж.
Энэ барилга хоёр давхар бөгөөд нэгдүгээр давхарт цэргийн комиссарын газар харин хоёр давхарт амьтны хүрээлэн байдаг гэнэ. Амьтны хүрээлэнд могой, хамелеон, матар зэрэг 40 төрлийн амьтан байдаг аж. Ломоносовын оршин суугчид энэ амьтны хүрээлэнг сайн мэддэг тул гал гарсан тухай мэдээ сонссоныхоо дараа л амьтдад санаа тавьж эхэлсэн гэнэ.
"Амьтад зүгээр байгаа. Гал түймэр нэгдүгээр давхарт гарсан. Манай давхар руу хүрээгүй. Утаа, үнэр л гарсан. Одоо бүх цонхоо онгойлгоод, салхи оруулж байна" хэмээн амьтны хүрээлэнгийн захиргаа мэдэгджээ.
Фонтанка сайтын мэдэгдсэнээр гал гарсан байр ашиглагддаггүй байсан гэнэ. Цэргийн комиссарын газар ямар нэг тайлбар өгөөгүй бол Онцгой байдлын яамны хэвлэлийн алба мэдээлэл хийхдээ энэ байр цэргийн комиссарын газрынх биш хэмээн онцолжээ.
ОХУ Украин руу халдсаны дараа цэргийн комиссарын газруудыг галдан шатаах явдал эхэлсэн юм. Ийм тохиолдол хамгийн их бүртгэгдсэн нь тавдугаар сар байлаа. Харин Путин хэсэгчилсэн дайчилгаа зарласны дараа галдан шатаах оролдлого дахин гарч эхэлжээ.
Есдүгээр сарын 22-нд шилжих шөнө Оренбург мужийн Гай хотод ч ийм явдал гарчээ. Энэ хотын цэргийн комиссарын газрыг шатаахаар шингэн асгаж, асаасан ч гал тархалгүй, тэр дороо унтарсан гэж "Гай.рф" сайт мэдээлсэн байна. Энэ явдал гарсны дараа цагдаагийнхан барилгыг бүслэж хэргийг шалгасны дараа цэргийн комиссарын газар хэвийн ажиллаж эхэлсэн гэж эх сурвалж мэдээлжээ.
Мөн өдрийн өглөө нь Өвөр Байгалын Кыра сууринд үл мэдэгдэх этгээдүүд цэргийн комиссарын газрын барилга руу шатамхай шингэнтэй лонх шиджээ. Гэхдээ гал гараагүй гэж "Чита.ру" мэдээлсэн байна.
Галдан шатаах гэсэн өөр нэг оролдлого Нижний Новгород хотод гарчээ. Гал нэг квадрат метр газарт тархсан гэж орон нутгийн онцгой байдлынхан мэдээлсэн байна. Энэ галын улмаас шүдний кабинет шатсан гэнэ.
Ийм тохиолдол өөр хэд хэдэн газарт бүртгэгдсэн бөгөөд Костромад болсон галдан шатаах оролдлогын үеэр нэгэн бичиг үлдээсэн байсан нь олны анхаарлыг татжээ. Үл мэдэгдэх хүмүүс цэргийн комиссарын газрын ханан дээр Путиний зарласан дайчилгааг шүүмжилсэн үгс үлдээсэн байна.
"Бөгсөө л дайчил, нохой минь! Энэ бол чиний хувийн арми биш!" гэсэн бичиг дүрслэгдсэн зургийг Кострома Ньюс сайт нийтэлжээ.
ОХУ-Д ДАЙЧИЛГАА ЗАРЛАСНЫ ДАРАА ТИЙЗНИЙ ЭРЭЛТ ОГЦОМ ӨСӨЖ, ОРОН ДАЯАР ЭСЭРГҮҮЦЛИЙН ЖАГСААЛ ӨРНӨВ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёрдугаар сарын 24-ний өдөр "тусгай цэргийн ажиллагаа" эхлүүлэх тушаал өгсөн нь дэлхий дахинд, Орос дотроо ч ихээхэн цочирдом мэдээлэл байлаа. Дайн өдөөхийг эсэргүүцсэн хүмүүс Оросын хэд хэдэн хотод жагсаж, улмаар саатуулагдан, "ОХУ-ын Зэвсэгт хүчний нэр төрийг гутаасан" хэрэгт унаж байв. Украинд дайн эхэлснээс хойш энх тайвныг хүсэн олон нийтийн өмнө эсэргүүцлээ илэрхийлсэн бараг хүн бүрийг хэрэгт татаж байсан гэхэд хилсдэхгүй. ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ
Г.Бямбасүрэн