Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сайд, дарга нартайгаа хамт дүүрэг, хорооны удирдлагуудтай уулзаж, хөгжлийн төлөвлөгөөгөө танилцуулжээ. Олон асуудал яригдсан тэр уулзалтын анхаарал татах гол сэдэв нь түгжрэлийн шийдэл. Хэрхэн энэ “зовлон”-гоос ангижрах вэ гэдэг асуудал энгийн иргэнээс эхлээд төрийн удирдлага хүртлээ хүн бүрийн толгойны өвчин.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ирэх 2023 оны улсын төсөвт түгжрэл бууруулах 586 тэрбум төгрөг суулгана гэдгээ мэдэгдлээ. Энэ 2022 онд 420 тэрбум төгрөг байсан төсөв 586 болон нэмэгдэх нь тодорхой болов.
Тэгвэл эхлээд асуулт, 420 тэрбум төгрөгөөр юу хийв, түгжрэл хэдэн хувиар буурсан вэ? Бодлоор бол, тэрбумаар тоологдох хөрөнгө түгжрэлийг тодорхой хувиар бууруулсан, шийдэл олсон, цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай учраас зарцуулах хөрөнгийг нэмсэн байх.
Гэвч бодит байдал огт өөр, түгжрэл нэмэгдсэн үү гэхээс хасагдаагүй. Засгийн газар, хотын удирдлагаас түгжрэлийг бууруулах дорвитой санаа нэгийг ч гаргаагүй. Товчхондоо 420 тэрбумын үр ашгийг нийслэлчүүд үзээгүй гэсэн үг. Нийслэлчүүд зам дээр цаг зав, хөрөнгө мөнгөө үрдэг хэвээр, автобус хүлээдэг өнөө л янзаараа.
Автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлан явуулснаа шийдэл хэмээн нэрлэхгүй л юм бол өөрөөр гялайж гялтайх шийдвэр алга. Бодвол, зарцуулах хөрөнгө нь багадаад буй бололтой.
Тиймдээ ч зарцуулах хөрөнгийг 586 тэрбум болгон нэмэгдүүлж, хариуцсан сайдыг ч томиллоо. Өөрөөр хэлбэл хариуцах эзэнтэй, зарцуулах төсөвтэй боллоо, ирэх жил түгжрэл буурах уу? Арилах уу гэж асуух ч хэрэггүй биз.
Нийслэлийн түгжрэлийг шийдвэрлэх сайд Ж.Сүхбаатар түгжрэлийг бууруулах цогц төлөвлөгөөгөө өнөөдөр Засгийн газарт танилцуулах гэнэ. Цогц хэмээн нэрлэсэн төлөвлөгөө, тэрбумаар тоологдох хөрөнгө ядаж нэг асуудлыг шийдвэрлээсэй дээ. Олон асуудал биш наанадаж л нийтийн тээврийн асуудлыг шийдвэрлэж, цэвэрхэн, аюулгүй хөл дүүжлэх унаатай болгочихвол нийслэлчүүд талархана. Машины тоо, замын урт өргөнтэй “байлдахгүй” л байгаасай.
Б.Хэрлэн