Украины Ерөнхийлөгч болон Гадаад хэргийн сайд нар барууны орнуудад хандан Оросын иргэдэд виз олгохгүй байхыг уриалсан. Харин энэ уриалгатай санал нэгдэхгүй байгаагаа Германы канцлер Олаф Шольц мэдэгдсэн юм. Үүний хариуд Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба энэ дайн "ганцхан Путинийх биш, оросуудын ихэнх нь дэмждэг" хэмээн мэдэгджээ.
"Энэ ганцхан Путиний дайн биш, Оросын дайн. Путин биш, харин Оросоос орос цэргүүд хөнөөж, тамлаж, устгахаар ирсэн. Оросуудын дийлэнх нь дайн, Украины хотуудад өгч буй пуужингийн цохилт, украинчуудыг хөнөөж байгааг дэмжиж байгаа юм. Ийм нөхцөлд Оросын жуулчид Оросоороо л зугаалаг " хэмээн Кулеба Твиттер хуудсандаа бичсэн байна.
"Оросууд Оросдоо л амьдрах ёстой"
Оросын иргэдийг барууны орнууд руу нэвтрүүлэхгүй байх уриалгыг анхлан Украины Ерөнхийлөгч Зеленский гаргасан юм. Тэрбээр наймдугаар сарын наймны өдөр Вашингтон Пост сонинд өгсөн ярилцлагадаа, ийнхүү бүх иргэдийн зорчих хөдөлгөөнд хориг тавих нь Орос улс Украины шинэ нутгуудыг эзлэн түрэмгийлэхэд саад болох нэг арга хэмээн онцолж байв.
Хамгийн чухал хориг нь хилээ хаах, оросууд "философоо өөрчлөх хүртэл өөрсдийнхөө ертөнцөд амьдрах ёстой" хэмээн Владимир Зеленский мэдэгдэж байлаа.
"Оросууд Орос дотроо л яваг. Тэр үед л тэд ойлгоно. "Энэ дайн бидэнд хамаагүй. Хүн ам бүхэлдээ хариуцлага хүлээхгүй" гэж тэд хэлэх байх. Магадгүй л юм. Гэхдээ хүн ам энэ засгийг сонгосон, тэгээд одоо тэдэнтэйгээ тэмцэхгүй, маргахгүй, дугарахгүй байна" хэмээн Зеленский мэдэгдэж байлаа.
Түүний өгүүлснээр, бүхий л орос хүнийг гадагш хилийн чанадыг зорихыг нь хоригловол энэ нь "Путинд нөлөөлөх цорын ганц арга" болох гэнэ.
Украины энэ уриалгад Латви, Литва, Эстони улс хариу өгсөн юм. Эстони улс энэ сарын 18-ны өдрөөс эхлэн Шенгений визтэй оросуудыг нэвтрүүлэхгүй гэсэн шийдвэрээ өнөөдөр танилцуулсан. Түүнчлэн оросуудад ЕХ руу аялах виз олгохгүй байхыг Эстонийн Ерөнхий сайд уриалжээ.
Г.Бямбасүрэн