БНСУ-д аялахаар очсон 150 монгол жуулчны 23 нь сураггүй алга болсон гэх мэдээлэл Монгол, Солонгосын олон нийтийн сүлжээгээр нэг цацагдав. Тус улсын аялал жуулчлалын байгууллагын мэдээлснээр 150 монгол жуулчин 4 шөнө 5 өдрийн аялал хийхээр энэ сарын 22-ны өдөр Чежүгийн олон улсын нисэх онгоцны буудалд буужээ. Тэд 26-ны өдөр эх орондоо буцахаар төлөвлөж байсан ч 23 нь сураггүй алга болсон гэнэ. Манай улсын иргэд Солонгост 30 хоног визгүй байх боломжтой тул долоодугаар сарын 21-нийг хүртэл жуулчны хэвийн статусаа хадгалах боломжтой. Харин үүнээс хэтэрвэл хууль бусаар оршин суугч буюу “харлагч” болно.
Гадаад харилцааны яам ч монгол иргэд визний зөрчилгүй байгаа, хугацаандаа буюу 07 дугаар сарын нислэгээр буцаж ирнэ гэж найдаж буйгаа илэрхийлж байна.
Визний хугацаа дуусаагүй учраас монголчуудыг зугтсан, алга болсон гэж албан ёсоор мэдээлэх боломжгүй. Тэд аялах зорилготой учраас хаа нэгтэй амарч зугаалж явахыг үгүйсгэх аргагүй. Гэхдээ гэх шалтгаан бас байна. Мэдээж тэдэнд эргэж ирэх шалтгаан олон бий, эх орон, гэр бүл...
Харин сэтгэл хангалуун амьдрах боломж, хангалттай цалин хөлстэй ажил, шударга нийгэм гэдэг өнцгөөс яривал их өөр хариулт гарч ирэх нь мэдээж. Энэ үүднээс бол тэд зугтсан байхыг ч үгүйсгэх аргагүй.
Хууль зөрчигч болоод ч хамаагүй тэнд үлдэхийг хүсвэл буруутгах боломжгүй. Учир нь эх орондоо сэтгэл хангалуун амьдрах боломж байхгүй. Монголд өдөр, шөнөгүй ажиллаад олсон мөнгөөр хүссэн байр, машинаа ч авах боломжгүй. Зөвхөн өнөөдөр, маргаашийг л аргацааж болно. Хурааж, хуримтлуулаад гадагшаа аялж, зугаалах тухай мөрөөдөөд ч хэрэггүй. Тэгэхээр залуус сэтгэл хангалуун амьдралын төлөө хүний нутаг руу үхэн хатан зүтгэх нь мэдээж. Зугтаад ч хамаагүй тэнд үлдэхийг хүсэх нь тодорхой, ядаж л амьдралын наад захын хэрэгцээгээ хангахын төлөө шүү дээ.
Хэрвээ Монгол Улсын иргэд хэдэн арваараа хүний нутагт оргож зугтаад, ор сураггүй алга болвол үүнд Монголын төр буруутай. Энэ төр засаг иргэнээ зугтагч болтол нь зовоож байна гэсэн үг. Хэн ч эх орноосоо зугтахыг хүсэхгүй. Ажилтай, хангалттай цалин орлоготой, сэтгэл хангалуун байсан бол эх орондоо эзний хувиар сэтгэл амар амьдрахыг хүснэ. Гэвч Монголд тийм боломж байхгүй.
Монголоос гарч л чадвал хууль бусаар амьдарч, хар ажил хийгээд ч хамаагүй хүний нутагт үлдэхийг хүсэгчид хэдэн мянгаараа бий. Тэд жаргаж цэнгэхийн тулд хүний нутгийг зориогүй, тэнд үлдэхийг хүсээгүй. Бусдын л адил хүн шиг сэтгэл хангалуун амьдрахыг хүсэж байгаа.
Өргөн уудам газар нутагтай, асар их баялагтай, гуравхан сая хүн амтай Монгол Улсын иргэд эх орондоо амьдрах биш гадагшаа зугтах хүсэлтэй. Хөгшин, залуугүй хүний нутагт ажиллаж, амьдрах мөрөөдөлтэй. Эх орны хөгжил, иргэний сэтгэл хангалуун амьдрах боломжийг хулгайлагчид энэ төр засгийг удирддаг болохоор хүн бүрийн итгэл алдарч, шударга нийгэм, сэтгэл хангалуун амьдралыг эрж гадагшаа зугтаж байна. Тэд эх орондоо эдлээгүй сэтгэл ханамж, хангалуун амьдралыг харийн нутгаас хайж яваа нь тэр.
Б.Хэрлэн