Монгол Улс хавдрын өвчлөл, нас баралтаараа дэлхийн жагсаалтын тэргүүн эгнээнд яваа. Хавдарын эмнэлгийг дүүргэж, очер дарааллыг хүлээн шаналж байгаа хүмүүсийн өвчлөлийн шалтгааныг мэргэжлийн хяналтын байгууллагаас хайх хэрэгтэйг олон нийтийн сүлжээний хэрэглэгчид бичсэн байв. Энэ дүгнэлт туйлаас үнэн гэдгийг сүүлийн өдрүүдэд өрнөж буй махны хэрүүл харуулж байна. Мэргэжлийн хяналтын байгууллага ажлаа нэр төртэйгээр хийдэг байсан бол монголчууд идэж, ууж буй хүнсэндээ санаа зовохгүй байх байв. Бүр идэж, уусанаасаа үүдэж өвдөхгүй, үхэхгүй байх байлаа. Ядаж л 70 сая малныхаа махыг санаа зовохгүйгээр идэж амьдрах байв. Харамсалтай нь мэргэжлийн хяналтын байгууллага ажлаа огт хийдэггүй аж. Үүнийг Эмээлтийн махны үйлдвэрийн асуудал хангалттай харууллаа. Тус газар ажлаа хийдэг байсан бол ийм асуудал огт үүсэхгүй байв.
Махны үйлдвэрүүд ажиллах ёстой, хэдийгээр их хэмжээтэй биш ч манай улс мах экспортлогч орон. Жилд 200 гаруй сая ам.долларыг махны экспортоос олдог улс. Экспортолж байгаа болон идэж байгаа махны чанар, эрүүл ахуй, аюулгүй байдалд мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавьж, баталгаа өгөх ёстой. Хүний эрүүл мэнд, амь настай шууд холбоотой учраас хүнсний аюулгүй байдал мэргэжлийн хяналтын байгууллагын амин чухал асуудал байх учиртай. Төлөвлөгөөт нэрээр хяналт шалгалтыг хэзээ ч хойшлуулж болохгүй гэсэн үг.
Гэвч энэ байгууллагад найдах хэрэггүйг Монгол даяараа, цаашлаад экспорт хүлээн авагч орнууд харж байна. Аюулгүй байдал огт хангагдаагүй хүнс хэрэглэж байгаа монголчууд хавдрын эмнэлгээ дүүргэж, дэлхийн жагсаалтыг тэргүүлэх нь аргагүй.
Мэргэжлийн хяналтын байгууллагын ажлаа хийдэггүй хариуцлагагүй байдал иргэдийн эрүүл мэнд, амь насанд заналхийлээд зогсохгүй улсын эдийн засгийг хорлох хэмжээнд хүрчээ. Эмээлтийн махны үйлдвэрийн асуудал өндрөө авсаар эцэстээ махны экспортыг зогсоох хэмжээнд хүргэхийг үгүйсгэх аргагүй байна. Цар тахлаас үүдэн тэг зогсолтод очоод байсан экспорт арай ядан сэргэх хэмжээнд хүрэхэд төрийн байгууллага нь улсаа хорлочихлоо. Орос, Хятад, Вьетнам улс Монголоос мах авахгүй гэхэд л манай улсын махны экспорт таг зогсоно.
Тэдний чихэнд эрүүл бус махны тухай сонсогдох төдийд л хаалгаа хаачихна. Учир нь хил гааль, хяналтын мэргэжлийн байгууллагууд нь ажлаа ягштал хийдэг. Мах байтугай хольц бодисууд нь зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан нүүрс Эрээний гаалийн бүсэд овоорч, наашаа ч үгүй, цаашаа ч үгүй болчихоод байгаа. Тэгэхээр Монголын мах импортлогч улсын гаалийн хяналтын бүсийг ч давахгүй нөхцөл байдалтай тулгарна гэсэн үг.
Тэгэхээр хятадуудыг зүхэж, сэтгүүлчдийг харааж байхын оронд Мэргэжлийн хяналтын байгууллага, хүнсний улсын байцаагч нарт нь хариуцлага тооц. Энэ байгууллагыг илүү чадавхжуул эсвэл татан буулга. УИХ-ын чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал мэргэжлийн хяналтын байгууллагад чадвар чадавхтай байцаагч байхгүйг хэлж байсан нь үнэнээс хол зөрсөнгүй.
Ерөнхий газар, нийслэлийн мэргэжлийн хяналтын газар гэсэн нүсэр том бүтэцтэй энэ байгууллага хүнд суртал, авлигыг өөгшүүлснээс өөрөөр ажилласангүй. Энэ байгууллага ажлаа хийдэг байсан бол иргэд идэж буй хүнсэндээ эргэлзэхгүй байх байлаа. Гаднаас орж буй бүтээгдэхүүн байг гэхэд дотоодын хүнсээ ч хянаж чаддаггүй төрийн байгууллагын хэрэг угаас алга. Татан буулгаж, төсвийн хөрөнгийг хэмнэе!
Б.Хэрлэн