Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс "Дэлхий нийтийн өмнө тулгараад буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулахын тулд 2030 он гэхэд Монгол Улсад тэрбумаар тоологдох хэмжээний мод тарина” гэсэн том амлалт өгсөн. Үүний дараахан улс орон даяар Тэрбум мод үндэсний аяныг зарласан байдаг.
Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласан. Энэ хүрээнд иргэд, ААН-үүд өнгөрсөн 10 жилийн хугацаанд нийт 13 сая гаруй мод цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж бүхий талбайд тарьсан судалгаа байна.
Энэ бол тарьсан тоо. Харин ургуулсан нь хэд бол? Мод тарина гэдэг нь ухсан нүхэд суулгац хийж, усалчихаад орхиод явдаг ажил биш аж. Суулгац тарьсан бол дор хаяж нэг жил түүнийгээ усалж, эргэж тойрч байж сая нэг мод болдог гэж мэргэжлийн хүмүүс хэлдэг. Байгууллага, хамт олноороо мод тарих ажлыг санаачлан өрнүүлж буй нь сайшаалтай ч ургуулах нь биднийг тэрбум модтой болох зорилтод нэг алхам ойртуулах биз.
Харин нөгөө талдаа гэр хорооллын айл өрхүүдийг моджуулах аян зарлавал манай улсын ногоон бүс тэлж, бидний мөнхийн сэдэв өнөөх агаарын бохирдол, хөрсний бохирдол зэрэг томоохон асуудлууд шийдэгдэх бас нэгэн гарц болохоос гадна тэрбум модтой болоход илүү ойр шийдэл юм.
Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас 2021 онд “Өрх бүр хашаандаа нэг мод тарья” аяныг санаачлан хэрэгжүүлжээ. Аяны хүрээнд нийслэлийн төвийн зургаан дүүргийн нийт 100 хороодтай хамтран гэр хорооллын 5000 гаруй айл өрхөд тарьц, суулгац үнэгүй тараасан байна. Ингэхдээ суулгац бүрдээ гэрчилгээ олгож, аянд нэгдэж модоо ургуулсан айл өрхөд урамшуулал олгох тухай ярьж байв.
Энэ ажлын явц, үр дүн ямар байгааг, өөрөөр хэлбэл 5000 суулгацын хэд нь мод болон ургасаныг Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас тодруулахаар очлоо. Харамсалтай нь БОАЖЯ-нд энэ тухай мэдэх хүн алга. Аян зарлагдах тухайн үед ажиллаж байсан ч одоо ажлын үйл явц, хэрэгжилт ямар байгааг мэдэхгүй гэнэ. БОАЖЯ биш Судалгаа хөгжлийн төв аяны хэрэгжилт, үр дүнг нь хариуцана гэсэн бүрхэг хариулт өглөө. Энэ дагуу бид тус төвтэй холбогдсон ч мөн л тодорхой хариулт авч чадсангүй. Учир нь тус байгууллагыг татан буулгах шийдвэр гарснаас хойш ажил хийгээгүй гэнэ.
Товчхондоо БОАЖ-ын сайд асан Н.Уртнасангийн эхлүүлсэн ажил БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн үед мартагдаж, орхигдсон гэсэн үг. Төрийн ажил залгамж халаагаар үргэлжлэх ёстой ч тасарчээ.
Ингээд бид төрийн яамнаас тодорхой мэдээлэл авч чадаагүй учраас дүүргүүд рүү холбогдлоо. Тараасан суулгац газар дээрээ ургасан эсэхийг л тодруулах гээд байгаа хэрэг. Төсвийн хөрөнгө уйлдаггүй байж болох ч газар дээрээ ганц ч атугай модтой үлдвэл төрийн тэргүүний нөгөө сүрхий амлалтад нэмэр тустай юм даа.
Санасныг бодвол сайн хариулттай, Хан-Уул дүүрэг суулгац тараасан айл өрхүүддээ очиж, хаврын судалгаа хийж, урьдчилсан дүгнэлтээ гаргажээ. Нийт 11 хорооны 466 айл өрх 3250 ширхэг мод, бут, сөөг тарьж, 80.5 хувийн ургалттай байгаа гэнэ. Мөн цаана нь 790 айл өрх мод тарих хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Энэ бол амжилт, аяны хэрэгжилт.
Харин бусад дүүргүүд хаврын судалгаа хийгдэж байгаа гэснээс өөр тоймтой хариу өгсөнгүй.
Энэ бол “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн нэгээхэн хэсэг нь. Уг хөдөлгөөнийг хариуцах гол эзэн болсон БОАЖЯ асуудалд төдийлөн ач холбогдол өгөхгүй байгаа бололтой, гэр хорооллын хашааг модтой болгох ажлыг лав орхижээ.
Гэр хорооллын айл өрх бүр хашаандаа модтой болохын ач холбогдлыг дурсаад ч хэрэггүй бололтой. Эхлээд нийслэл хотоо, тэр дундаа гэр хорооллыг модтой болгочихвол “Тэрбум мод” хөдөлгөөн илүү үнэлэгдэж, үнэ цэнэтэй болох юмсан.
Б.Намуунзаяа
Уншиж байна |