Хотын дарга Д.Сумъяабазар нийслэлийн түгжрэлийг шийдэх LRT буюу олон тулгуурт галт тэрэгний төслийг Засгийн газар, УИХ дээр зүтгүүлж байна. Засгийн газар аль хэдийнэ хүлээн зөвшөөрч, санхүүжилтэд нь баталгаа гаргахаар тогтоол боловсруулж, УИХ-д орууллаа. Гэвч өнөөх тогтоол нь Төсвийн байнгын хорооны босгыг давсангүй. Төсвийн байнгын хороо санхүүгийн баталгаа нь Монгол Улсын өрийн таазыг нэмэгдүүлж, эрсдэлтэй нөхцөл байдалд хүргэнэ хэмээн үзэж, унагав. Уг асуудал УИХ дээр хэрүүл үүсгэж, гишүүд хот, хөдөөгөөрөө талцан багагүй маргалдав. МАН-ын бүлэг маргааныг таслахаар хуралдсан ч тодорхой шийдэлд хүрэлгүй, LRT төслийг хойш тавилаа.
Үүнтэй зэрэгцэн иргэд, олон нийтийн сүлжээний хэрэглэгчид рэйлбусыг сураглаж эхлэв. Улаанбаатар хотын түгжрэлийг шийдэх, зорчигчдын цаг, мөнгийг хэмнэх зорилготой байсан рэйлбус хаачив гэдгийг хэн хүнгүй асууж байна. Бид ч рэйлбусыг хайж, Улаанбаатар төмөр зам руу утас цохилоо.
Улаанбаатар төмөр замынхан рэйлбусын талаар ярих байтугай сонсохыг ч хүсэхгүй байна. Тэдний хариулт “Засвартай байгаа” гэсэн хоёрхон үгээс цааш хэтэрсэнгүй. Юу нь эвдэрсэн, хэзээ ашиглалтад орох тухай мэдээлэл өгөх хүн байсангүй. Тэгэхээр түгжрэл шийдэх өнөөх унаа маань эвдэрчихсэн, хаа нэгтээ зогсоо бололтой.
Одоогоос найман жилийн өмнө 2014 онд Улаанбаатар хот рэйлбустай болов. Нийслэлийн түгжрэлийг бууруулах, зорчигчдын цаг хэмнэх зорилгоор 3.5 тэрбум төгрөгөөр рэйлбусыг худалдаж авсан. 350-400 хүн зорчих боломжтой рэйлбусыг анх Толгойт-Амгалангийн чиглэлд явуулж эхлэв. Энэ чиглэлд 20 минут явж, цаг хэмнэнэ гэсэн унаа маань зорчигчгүйн зовлонтой тулгарав. 340 хүн суух боломжтой рэйлбусаар өдөрт 30-40 хүн үйлчлүүлж, 28 сая төгрөгийн алдагдал хүлээж байгааг УБТЗ-ын удирдлагууд тухайн үеийн хотын дарга Э.Бат-Үүлд тайлагнаж байж. Ашиг нь бол 1.8 сая. Ингээд ашгаас илүү алдагдалтай тулгарсан өнөөх рэйлбус маань Дархан руу ‘’хөөгдөв’’. Улаанбаатар-Дархан чиглэлд бол цөөнгүй зорчигчтой байсан бололтой. Гэвч эвдэрч, элэгдээд зогсчихож.
Хотын дарга нарын зүтгүүлэн байж авчирсан рэйлбус ашгаа өгсөнгүй. Улаанбаатарын түгжрэлийг бууруулах нь байтугай хөл дүүжлэх унаа болж чадсангүй. Хот хооронд ч үр ашигтай байж чадсангүй.
Өнөөгийн дарга нарын зүтгүүлж буй LRT буюу хөнгөн галт тэрэг ч рэйлбусын алдааг давтахгүй гэсэн баталгаа алга. Рэйлбусээс хэд дахин илүү өндөр өртөг, зардалтай төсөл. Хэн хүнгүй болгоомжлох нь зүй ёсны асуудал.
Бэлээхэн зам, дэд бүтэцтэй байхад рэйлбусаа ашиглаж чадаагүй бид олон тулгууртай байгууламж бариад, түүн дээрээ хөнгөн галт тэрэг явуулна гэдэг үнэн хэрэгтээ алсын мөрөөдөл мэт.
Мэдээж, хотын түгжрэл шийдэгдэхийг хэн хүнгүй хүлээж байна. Гэхдээ өнөө л рэйлбус шиг үр ашиггүй зардал болчихвол төсвийн хөрөнгийг хэн төлөх вэ. Төслөө зүтгүүлж, шийдвэр гаргагчдыг лоббидсон хотын дарга уу? Эсвэл хот, хөдөөгөөр талцаж, хэрүүл хийсэн УИХ-ын гишүүд үү?
Б.Намуунзаяа