Дарханы Засаг дарга Б.Азжаргал аймагтаа худалдааны гудамж байгуулахаа мэдэгджээ. Тэнд хэн бүхэн гудамжны худалдаа эрхэлж, гудамжны хоол хийгээд зарж борлуулж болно. Ногоон байгууламж эвдэхгүй байх, хог хаягдлаа бүрэн цэвэрлэх, хүнсний аюулгүй байдлыг бүрэн хангах гэсэн гуравхан шаардлага тавих гэнэ.
Энэ бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, хотын дарга Д.Сумъяабазар нарын яриад л байдаг иргэнээ, бизнес эрхлэгчдийг дэмжсэн бодит дэмжлэг. Цар тахлын дараа эдийн засгаа сэргээхийн тулд үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчдийг дэмжинэ, боломж бүрийг нээж өгнө гэж төр засгийн удирдлагаасаа эхлээд хотын дарга хүртлээ амаа цууртал ярьсан. Тэгвэл өнөөдөр юу хийв? Дарханы Засаг дарга шиг шийдвэртэй нэг ч алхам хийсэнгүй.
Уг нь хотын дарга Д.Сумъяабазар нийслэлийн нийтийн эзэмшлийн гудамж, талбайд худалдаа, үйлчилгээ эрхлэх боломжийг судалж, байршлуудыг тогтоох үүргийг холбогдох албаныханд өгсөн. Ядаж зуны гурван сар гудамжны худалдаа, гудамжны хоолтой болох нь гэж хэн хүнгүй таатайгаар хүлээж байв. Харамсалтай нь, хүлээлт талаар болов. Хотын даргын үүрэг даалгавар өнгөө зүсээ хувиргаж, амралтын өдрийн худалдаа болжээ. Залуус та бидний хүсээд буй гудамжны худалдаа, гудамжны хоол энэ даргын үед лав бий болохгүй бололтой.
Нийслэлийн удирдах ажилтнуудын өнгөрсөн 03 дугаар сарын шуурхай зөвлөгөөнд Хот байгуулалт, хөгжлийн газрын орлогч дарга М.Шижирбаяр “Нийслэлийн есөн дүүрэгт худалдаа, үйлчилгээ эрхэлж болох 340 байршлыг гаргаж, холбогдох даалгавар, худалдаа, үйлчилгээ эрхлэх түр байр нь ямар байх вэ гэдгийг судалж, дүүрэг бүрд өдөр, оройн цагаар ажиллах байршлуудыг гаргасан” гэж мэдээлж байв.
Үүний дараа 04 дүгээр сарын хуралдаанд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд “Мэргэжлийн байгууллагаас худалдаа, үйлчилгээ эрхлэх 34 газрын жагсаалт гаргаснаас эхний ээлжид 10 газарт амралтын өдөр арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна. Цаашид үүнийг өргөтгөнө” гэж ярив.
Нөгөө гудамжны худалдаа, гудамжны хоол чинь амралтын өдрийн худалдаа гэдэг нэр хочтой болсон нь энэ. Зөвхөн бямба, ням гаригт ажиллуулсан, ажилласан нэр зүүнэ гэсэн үг. Байршлын тоо нь ч буурсаар, 10 дээр унав.
Тухайн 10 байршлыг тодруулахаар Захирагчийн ажлын албаны Хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, үйлдвэр, үйлчилгээний хэлтэст хандлаа. Гэтэл өнөөх 10 байршил маань 9 болчихож. Тоо “идэх” ямар шаардлагатайг огт ойлгосонгүй. Улаанбаатарт нийтийн эзэмшлийн эзэнгүй мэт гудамж, талбай хангалттай бий. Тэр бүхэнд Дарханы Засаг дарга шиг асар, лангууг нь тавьж өгөөд, оймсоо зарна уу, ногоогоо худалдана уу, өөрсдөө мэд, зөвхөн орчноо цэвэрхэн байлгана шүү гэсэн ганц шаардлага тавьчихаж юу нь болохгүй байгаа юм бэ, Д.Сумъяабазар дарга аа?!
Та үүрэг өгсөн, таны “цэргүүд” биелүүлсэн нэртэйгээр амралтын хоёрхон өдөр, есхөн байршилд ор нэр зүүх ямар шаардлагатай юм бэ? Цаана чинь Дарханы Засаг дарга Залуучууд театрынхаа гадна талбайд 70 м урттай худалдааны гудамж бий болгож, лангууг иргэддээ чөлөөтэй олгоно гэж ярьж байна. Түрээсгүй, хэн дуртай нь очоод худалдаа, үйлчилгээ эрхэлж болно гэж байна. Үүнийг л иргэдээ, бизнес эрхлэгчдийг дэмжсэн бодит дэмжлэг гэж нэрлээд байгаа юм. Ийм л зүйлийг энэ хотынхон чинь хүсээд байгаа юм, Д.Сумъяабазар дарга аа! Хаа холоос, өөр улсаас үлгэр жишээ хайгаад яахав, хажууханд байгаа Дарханы Засаг даргаас суралц.
Та Улаанбаатар хот бол залуусын хот гэж ярих дуртай. Тэгвэл залуус чинь зуны дэлгэр цагт хотынхоо гудамжинд хоол хийн бизнес эрхэлж, нөгөө хэсэг нь авч идэхийг хүсэж байна. Яг л, дэлхийн хотуудын адилаар. Том бүтээн байгуулалт, их мөнгө шаардсан ажил хүсээгүй. Зөвхөн залууст боломж нээж өгөхийг л хүсэж байна.
Гудамжны ТҮЦ, Нарантуул зах дээр бууз зардаг хүнийг гудамжны худалдаа, үйлчилгээ гэж эндүүрэлгүй, залууст хоолны машинаа гаражаас гаргах боломжийг л өгчих. Тэднийг хөөж туулгүй, ажиллах орчныг нь л заагаад үлдээчих.
Улаанбаатарт худалдаа, үйлчилгээ эрхлэх боломжтой хангалттай гудамж, талбай, газар бий. Харамлах шаардлага огтоос үгүй шүү дээ.
Б.Хэрлэн