Монголын боловсролын салбарт шийдлээ хүлээсэн олон асуудал уул овоо мэт овоорч байхад яам нь цэцэрлэг амраана, амраахгүй гэсэн асуудалтай зууралдаад сууж ч байх гэж. Хэдхэн хоногийн өмнө Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан их дээд сургууль, ЕБС-ийн амралтын хуваарийг танилцууллаа. Ингэхдээ цэцэрлэгүүд ч амарна гэж хэлсэн нь олон ээж аавд толгойны өвчин авчрав. Цэцэрлэгт явдаг байсан хүүхдээ яах билээ, ажлаа яах вэ гээд тэдэнд амьдралын олон асуудал дээр нь бас дахин асуудал нэмчихэв.
Харин өчигдөр БШУЯ-наас мэдээлэл хийж “харах хүнгүй бол хүүхдийг чинь цэцэрлэгт авья” гэж тайвшрууллаа. Ингэхдээ “харах хүнгүй учраас хүүхдийг маань аваад өгөөч” гэж цэцэрлэгийн багш, эрхлэгчийг гуйх ёстой гэнэ. Заавал иргэнээрээ гуйлгаж байж ажилладаг төр үү! Тэгээд болоогүй, хүүхэд цаашид цэцэрлэг таслахгүй гэсэн ам тангараг авах гэнэ. Иргэн хүсэж, төр хясна гэгч нь энэ биз.
Харах хүнтэй хүүхэд өвлийн цагаар тэр тусмаа цар тахалтай энэ үед цэцэрлэгт явахгүй. Харин харах хүнгүй хэд нь л өдийд цэцэрлэгтээ тунаж үлдээд байгааг ойлгоход тийм хэцүү гэж үү, БШУЯ-ныхаан. Заавал хүмүүст хор өгч, эргэж буцаж эм өгөх ямар шаардлагатай юм бэ.
Тэгээд ч энэ олон нийтэд зарлаж, иргэдийг төөрөгдүүлж, санааг нь зовоогоод байх шаардлагатай ажил биш. Яамандаа бүр цэцэрлэгтээ шийдчих зохион байгуулалтын л асуудал.
Өнөөдөр цэцэрлэгт 4, 5 настнууд л явж байгаа. Сурагч, оюутан ах эгч нь амрахаар гэртээ харах хүнтэй болж, нэг бүлгийн хүүхдүүдийн тал нь цэцэрлэгтээ ирдэггүй юм байж. Тэгвэл цэцэрлэгтээ ирж байгаа үлдсэн хэдийг нь нэг, хоёр эсвэл гурван бүлэг болгож зохион байгуулаад л унтуулж, хооллоод, аюулгүй харж хандаж байхад болох асуудал биш үү. Тэд яагаад гэртээ үлдэхгүй, өвлийн хүйтэнд өглөө эрт цэцэрлэгт ирээд байгаа юм бэ? Харах хүнгүй гэсэн ганцхан шалтгаантайг толгойтой бүхэн мэдэж байгаа шүү дээ. Цоожны хаалганы цаана хичнээн хүүхэд хохирч, эрсдэлд орж байгааг боловсролын яамныхан мэдэхийн дээдээр мэдэж баймаар юм даа.
Багахан зохион байгуулалтын асуудлыг нийгэм даяар дэвэргэж, олон нийтэд зарлаж, эцэг эхчүүдийг төөрөгдүүлж, сэтгэл санааг нь зовоож, эцэст нь хүсэлт гуйлт гаргуулж байж хийх ямар шаардлага байгааг ойлгохгүй байна. Боловсролын яаманд шийдвэрлэх, хийх түмэн ажил, асуудал баймаар юм.
Наанадаж л цэцэрлэгт хүүхэд зодож тамлаад байдаг багш нарынхаа мэргэжил, мэргэшил, ёсзүйд анхаарал хандуулж, хянаж шалгамаар байна. Багш бэлтгэдэг тогтолцоондоо өөрчлөлт шинэчлэлт хиймээр байна. Дөрвөн жил их, дээд сургуульд сурч, мэргэжил эзэмшиж байгаа хэсэг бүлгийн хажуугаар гурван сарын дамжаагаар дамжсан нөхөд ч бий. Тэд багахан хугацаанд хүний бага насны хүүхэдтэй харьцах ур чадвар, мэргэжил, мэдлэг олж авч чадах уу гээд хариултаа хүлээсэн олон асуудал энэ салбарт байна.
Цэцэрлэгийн хаалгыг хааж, нээхээс илүү чухал, том асуудлууд шил шилээ даран шийдлээ хүлээж байна, боловсролын яамныхаан!
Б.Хэрлэн