Цар тахлын нөхцөл байдлыг үл тоож, Камертон хамтлаг зөвшөөрөлгүйгээр Зайсан хилл цогцолборт нижгэр тоглолт хийж, нэг хэсэгтээ бид зажлах сэдэвтэй болж байв. Үүнээс болж олон асуудал үүссэн. Шадар сайдын хамааралтай Зайсан хилл цогцолбор хариуцлагын гэрээ байгуулаагүй, удаа дараа зөрчил гаргаж, мэргэжлийн хяналтын байгууллагын шаардлагыг үл тоосон нь тодорхой болов. Тиймээс тоглолт зохион байгуулсан Собт трейд компанийн тусгай зөвшөөрлийг цуцалж, хариуцлагын гэрээ байгуулаагүй дарга нартай хариуцлага тооцож, ажил албан тушаалтай нь ярихаа хотын дарга Д.Сумъяабазар чанга дуугаар мэдэгдэж байв. Түүний үгээр бол Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, Нийслэлийн шуурхай штабын дарга Р.Чингис нар хариуцлага хүлээж, албан тушаалаа өгөх ёстой.
Тэд төрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаагүй, аж ахуйн нэгж байгууллагуудад тэгш шаардлага тавиагүй. Төрийн сайдын хамааралтай байгууллага том толгойлж байгааг мэдсээр байж арга хэмжээ аваагүй, хариуцлага тооцохгүй явсаар байсан “гэм буруутай”. Товчхондоо тэдний эс үйлдэхүйгээрээ ковидын хуулийг зөрчсөн. Тиймээс хариуцлага тооцож, албан тушаалтай нь ярихаа Хотын дарга Д.Сумъяабазар мэдэгдсэн ч үг, үйлдэл зөрдөг монгол төрийн гажуудлыг дахин харууллаа. Хотын дарга Д.Сумъяабазар жинхэнээсээ яриад л өнгөрч. Түүний хариуцлага тооцох гээд байсан нийслэлийн Шуурхай штабын дарга Р.Чингис өөрийн хүслээр гэсэн өргөдөл өгөөд, өөр газар очоод дарга болчихож. Өөрөөр хэлбэл Д.Сумъяабазарт “хариуцлага алдсан тул үүрэгт ажлаас нь чөлөөлөв” гэсэн бичигт цохолт хийх боломж олдсонгүй.
Өмнөх ажилдаа хариуцлага алдсан өнөөх Р.Чингис нь Дотоодын цэргийн штабын дарга болчихсон, ажилтайгаа танилцаж явна.
УИХ-ын дарга Г.Занданшатарын яриад байдаг Япон лугаа хариуцлага тооцсон бол өмнөх ажилдаа хариуцлага алдсан хүн өөр нэг газар дарга болж очихгүй нь тодорхой.
Түүнтэй хамт хариуцлага үүрүүлнэ гэсэн хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр нь ажлаа үргэлжлүүлэн хийсээр л явна. Одоо бол нөгөө юун гуя гэдэг шиг юун хариуцлага гэж цочих биз.
Хотын дарга Д.Сумъяабазар “дарга нартай хариуцлага тооцож, ажил албан тушаалтай нь ярина” гэж чухам юугаа ч хэлсэн юм, ямар ч байсан түүний үг тэндээ замхарчээ.
Монгол төр хүчгүй, сул дорой, арчаагүй, ажил нь явдаггүй шалтгаан ердөө л энэ. Энэ төрийн дээр дооргүй ажиллаж байгаа хүмүүс хариуцлага гэж мэддэггүй. Хариуцлага алдсан хүн ажлаа үргэлжлүүлэн хийж, бүр өөр газар очоод дарга болчихдог. Ажлаа мэддэггүй эсвэл ажил хийдэггүй, хариуцлага алдсан ч тоодоггүй хэдхэн хүн төрийн хэдэн байшинг тойрч, ээлжлэн дарга болон хэсүүчилсээр өнөөдрийг хүрлээ. Хэзээ энэ төр хариуцлага тооцож сурах юм бэ. Хэзээ ажилдаа сэтгэлтэй, мэдлэг мэргэжилтэй, чадвартай хүмүүсийг ажилуулж, энэ улсад үргэлжлүүлэн ажиллаж, амьдрах итгэл найдварыг төрүүлэх юм бэ?!
Б.Хэрлэн