Лас-Вегасын нэгэн зочид буудалд сүүлийн 20 гаруй жил өлгөөтэй байсан Пабло Пикассогийн 11 бүтээл дуудлага худалдаагаар 110 сая доллараар зарагджээ. Энэхүү цуглуулга нь ХХ зууны хамгийн агуу зураачдын нэг болох Пикассогийн 50 гаруй жилийн бүтээлүүдээс бүрдсэн аж.
Эдгээр зургууд Bellagio зочид буудлын Пикассо зоогийн газарт дэлгэгдсэн байдаг байжээ. Bellagio зочид буудлын хуучин эзэн, Америкийн тэрбумтан Стив Винний цуглуулсан эдгээр бүтээлүүд Пикассо рестораныг дэлхийн өнцөг булан бүрийн уран зураг сонирхогчдын цугладаг газар болгосон гэж Guardian мэдээлсэн байна. Пикассогийн мэндэлсний 140 жилийн ойн босгон дээр зохион байгуулсан дуудлага худалдаан дээр есөн зураг, хоёр керамик бүтээлийг дэлгэжээ.
Эдгээр бүтээлүүдээс хамгийн өндөр үнэ хүрсэн нь Пикассогийн дурлалт бүсгүй болох Мари-Тереза Вальтер дүрслэгдсэн зураг гэнэ. Энэ бүтээлийг 20-30 сая доллараар зарагдана гэж тооцоолж байсан ч дуудлага худалдаагаар 40,5 сая долларт хүрсэн байна.
Пикассогийн бүтээлүүдийг асар өндөр үнэ хаяж авсан худалдан авагчдын нэрсийг зарлаагүй аж. Харин эдгээр бүтээлүүд дэлгэгдэж байсан зоргийн газарт Пикассогийн өөр 12 бүтээл олны хүртээл болсон хэвээр байх гэнэ. Энэ зочид буудлын дүрслэх ухлагийн цуглуулагад нийтдээ 200 зураачийн 900 орчим бүтээл байгаа аж.
Г.Бямбасүрэн