Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян нар өчигдөр цахим уулзалт хийлээ. Ерөнхий сайд нар улс төр, худалдаа, эдийн засаг болон цар тахлын үеийн хамтын ажиллагаа зэрэг өргөн хүрээний олон асуудлаар санал солилцсон хэмээн Засгийн газрын албан мэдээнд өгүүлжээ.
Гэхдээ энэ уулзалтын хамгийн чухал сэдэв нь Монголын нүүрс байлаа. Цар тахлын нөлөөгөөр удаан хугацаанд гацаанд орсон Монголын нүүрсийг Хятадын тал яаралтай татан авахаар болжээ. Хятадууд аль хэдийнэ мөнгөө төлсөн ч татан авахгүй, Гашуунсухайтын боомтод овоолго болоод байсан нүүрсээ шуурхай авахаа төр засгийн удирдлага нь мэдэгдсэн байна.
Хятадын талд Монголын Засгийн газрын тэргүүнтэй ширээний ард сууж, нүүрсний асуудал ярих хангалттай шалтгаан бий.
Тус улс нүүрсний хомстолоос шалтгаалан эрчим хүчний хямралд орсон. Олон мужуудад цахилгааны хязгаарлалт хийж, Ляонин, Гирин, Хар мөрөн гэсэн мужуудын оршин суугчид цахилгаан эрчим хүчний хомстолтой нүүр тулжээ. Зарим хотод цахилгаан эрчим хүчний оргил ачааллын үеэр цахилгаан халаагуур болон бичил долгионы зуух ашиглахгүй байхыг иргэдэд уриалсан байна. Түүнчлэн худалдааны төвүүд цагаасаа өмнө хааж байгаа гэнэ.
Энэ бүхэн Хятад, Австралийн худалдааны дайнаас үүдэлтэй гэж шинжээчид үзэж буй. Хятадын нүүрсний хэрэглээний ихээхэн хувийг хангадаг Австралид хориг тавьсны улмаас нүүрсний нөөцгүй болж, эрчим хүчээ хэмнэхээс өөр гарцгүй болсон талаар олон улсын хэвлэлүүд бичиж байна. Энэ байдлаас гарахын тулд дотоодын нүүрс олборлогч томоохон компаниудаа хүчин чадлаа 100 хувь дайчлан ажиллах үүргийг төр засгаас нь өгөөд буй аж. Гэвч аж үйлдвэрийн асар их хэрэглээг хангалттай хангаж чадахгүй, хятадууд энэ өвөл ч эрчим хүчний хямралтай өвөлжих нь тодорхой болжээ.
Тиймээс Хятад хамгийн ойрын экспортлогч улс болох Монголын эрх баригчидтай хэлэлцээний ширээний ард сууж, нүүрс татан авалтаа шуурхайлахаа мэдэгдэв. Бүр цаашлаад Гашуунсухайт-Ганц мод боомтын төмөр замын хоёр улсын хил огтлолын цэгийг эцэслэн тохирч, холбогдох боомтуудад ногоон гарц нээх ажлыг идэвхжүүлэхээр Ерөнхий сайд нар санал нэгджээ. Коронавирусийн халдвараас шалтгаалан авто замын боомт гацалтад орж, экспортлогч, импортлогч улсын аль аль нь хүндрэлтэй тулгарч буй учраас төмөр замын ажлаа яаравчлахаар болсон нь энэ аж.
Мөн Ерөнхий сайд нар дараах асуудлуудад санал нэгджээ. Тухайлбал:
-Цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх томоохон төслийг хамтран хэрэгжүүлэхэд хоёр улсын Засгийн газар идэвхтэй хамтран ажиллана.
-Хятадын зүгээс манай улсын өмнөд бүсэд сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх, экспортлох боломж бүрдүүлэхэд хамтран ажиллана.
-Улаанбаатар хотыг ухаалаг хот болгох, автозамын түгжрэл бууруулахад чиглэсэн төслүүдэд Хятадын талаас хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг идэвхтэй оролцуулах талаар хамтран ажиллана
-“Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг урагшлуулахад анхаарал хандуулж ажиллана.
-Хоёр улсын бүс нутаг, олон талт механизмуудын хүрээн дэх ойр дотно хамтын ажиллагааг үргэлжлүүлнэ.
-Тяньжин боомтод саатаад байгаа Монголын 4575 чингэлэг ачааг өвлөөс өмнө шуурхай шийдвэрлэнэ.
Б.Хэрлэн