Засгийн газрын шийдвэрийн дагуу 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Улаанбаатар хотын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. Нүүрсний оронд сайжруулсан шахмал түлш хэрэглэдэг болоод гурав дахь өвөлтэйгээ золгох гэж байна. Гэвч өнөөдрийг хүртэл энэ ажил жигдэрсэнгүй, энэ өвөл нийслэлийн 200 мянган өрх айл гал алдах нөхцөл байдал үүслээ.
Яг өнөөдөр ч иргэд сайжруулсан түлш хайж, хэдэн цаг очерлож дугаарласан ч авч чадахгүй хоосон буцаж байна. Энэ бол Тавантолгой түлш компани ажлаа хийж чадахгүй байгаагийн хангалттай баталгаа, сэрүүний улирал эхэлчихээд байхад ядаж л борлуулалтын ажлаа ч горимонд оруулсангүй. Нийслэлийн гэр хорооллын иргэд энэ компаниас бүрэн хараат амьдарч байгаа. Зуны сэрүүн өдрүүдээс эхлээд жилийн дөрвөн улирал сайжруулсан түлш хэрэглэх хэрэгцээ шаардлага бий. Гэтэл Тавантолгой түлш компани иргэдийг түлшээр хангаж чадахгүй, гал алдуулж байна.
Тавантолгой түлш компани энэ өвөл сайжруулсан шахмал түлшний 600 цэг ажиллуулахаа мэдэгдсэн. Энэ сарын 01-нээс эхлэн 40 цэг нээсэн нь ч тэр нь хаанаа ч хүрэлцсэнгүй. Борлуулалт эхэлсэн эхний өдрөөс л нийслэлчүүд түлшинд очерлож, дугаарлаад ч авч чадахгүй гар хоосон харьж, даарч зутарч байна. Одоо борлуулалтын цэгийг 280 болгон нэмсэн гэж байгаа ч нийслэлчүүд түлш хайсан, очерлосон хэвээрээ л байна. Намрын сэрүүн унаж, өвөл болох нь жам. Гэтэл яагаад ийм тодорхой байдалд бэлтгэлгүй, жилийн жилд иргэдийг чирэгдүүлж, хясаж боодог юм бэ?!
Үүний хариуцлагыг Тавантолгой түлш компани, энэ байгууллагыг удирдаж байгаа М.Ганбаатар захирал та хүлээх ёстой. Та ажилдаа эзэн болж, компанийнхаа үйл ажиллагааг жигдрүүлсэн бол нийслэлчүүд түлш хайхгүй, гал алдахгүй. Цаашлаад таны ажилчид ажил хайна гэж жагсаж цуглахгүй байсан. Хүйтний улиралтай зэрэгцээд нийслэлчүүд гал алдаж, таны ажилчид ажлаа хийх бус жагсаад зогсч буй нь таны удирдах чадваргүйн баталгаа хангалттай мөн. Та ажилдаа эзэн байсан бол ажилчдын цуглаан, иргэдийн очер үүсэхгүй.
Тавантолгой түлш компани одоо ч нийслэлчүүдийн өвлийн хэрэгцээнд хүрэлцэхүйц хэмжээний нөөцөө ч бүрдүүлж чадаагүй байна.
“Тавантолгой түлш ХХК энэ жил 70 мянган тонн сайжруулсан шахмал түлшийг аюулгүйн нөөцөд нөөцлөөд байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20 гаруй мянган тонноор бага байна.
Энэ нь “баруун бүсийн үйлдвэрийг зүүн бүс рүү нүүлгэнэ” гэж хавар эрт үйл ажиллагааг нь зогсоосонтой холбоотой” гэсэн мэдээллийг өөрийн албан ёсны хуудсандаа оруулжээ. Одоо нүүлгэх шийдвэр гаргаж, үйл ажиллагааг нь зогсоосон гэж Засгийн газрыг буруутгах бололтой. Өвөл болох нь тодорхой, нийслэлчүүд түлшийг Тавантолгой түлш компаниас нэхэх нь мэдээжийн хэрэг. Гай, гавьяаг нь хариуцсан байгууллага хамтад нь үүрч, эхэлсэн ажилдаа эзэн болох л учиртай.
Сайжруулсан шахмал түлш хэрэглэсэн эхний өвөл нийслэлийн цөөнгүй иргэн, угаартаж, хордож амь насаа алдсан. Өнөөдөр бид коронавирусийн халдвараар амь насаа алдсан иргэдийг тоолж буй шигээ сайжруулсан шахмал түлшний утаанд угаартаж, нас барсан хүмүүсээ тоолдог байлаа.
Эрүүл мэнд, амь насанд халтай ч хөлдөж үхэхгүйн тулд түлдэг түлш одоо бүр олдохгүй болж, иргэд Тавантолгой түлш компанийн борлуулагчдыг царайчилж явна. Уг нь үнэгүй гуйж бус иргэд мөнгөө төлөөд авч буй бүтээгдэхүүн.
Энэ бүхэн монополь эрхтэй төрийн компанийн хариуцлагагүй үйл ажиллагаатай шууд холбоотой. Төрийн нэрийн өмнөөс давуу эрх эдлэгчид иргэдийг чирэгдүүлэх ёсгүй.
Тиймээс сайжруулсан түлшний орон зайд хувийн хэвшлийг оруулж, өрсөлдөх боломжийг олгох цаг нь болжээ. Зах зээлийн зарчмаараа хэн илүү сайн ажилласан нь илүү их ашиг орлогоо хүртэх эрхтэй. Иргэдэд ч чанартай бүтээгдэхүүн үйлчилгээ үгүйлэгдэж эхэллээ. Төрийн оролцоотой, албан журмын бүхэн ахиц дэвшилгүй байдгийг бид хангалттай харсан, одоо ч иргэд горыг нь мэдэрч байна.
Төрийн өмчийн ганцхан компани давуу эрхтэйгээр гэдийж, иргэдийг хохироосоор байгааг дахин хэдэн өвөл тэвчих ёстой гэж!
Нийслэлийн агаарын бохирдлыг 50 хувиар бууруулсан гавьяа чинь 10 айлыг галгүй хонуулахад л арилж одно шүү, М.Ганбаатар захирал аа. Ажилдаа эзэн болно уу.
В.Бат