УОК-ын ээлжит шийдвэр гарлаа. Цар тахлын халдвар үргэлжилж, өчигдрийн байдлаар Улаанбаатарт 1043, орон нутагт 945 нэмэгдсэн. Гэхдээ энэ бол зөвхөн ПСР шинжилгээний хариу. Түргэвчилсэн шинжилгээгээр эерэг гарч, өрхийн хяналтад гэрээр болон эмнэлэгт хэвтэн эмчүүлж байгаа иргэдийн тоог мэдээлэхгүй байгаа. Тиймээс ЭМЯ-ны мэдээлэл, бодит байдал тоон дүнгээрээ ч, тархалтын нөхцөл зөрүүтэй.
Тохиолдлын тоо нэмэгдэхийн хэрээр хүнд, маш хүнд өвчтөн болон нас баралтын тоо нэмэгдэж байна гэж ЭМЯ-наас анхааруулж байгаа. Халдварын тархалт нэмэгдсэнийг хичээлийн шинэ жилтэй холбон албаны хүмүүс тайлбарлаж, их, дээд сургуулийн дотуур байранд халдвар илэрсэн тохиолдолд хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулах, бэлэн байдлыг хангах, боловсролын байгууллагыг хичээл сургалтын үндсэн хөтөлбөрөөс гадуур танхимын бус сургалт, танилцах үдэшлэг, оюутны хөгжлийн клуб, өдөрлөг, тэмцээн уралдаан, аялал, зугаалга, багш нарын баяр болон бусад тэмдэглэлт арга хэмжээг зохион байгуулахыг хориглолоо. Ингээд УОК-оос:
Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Эрдэмтдийн зөвлөлийн саналыг харгалзан агаарын сэлгэлт муу, амны хаалттай үйлчлүүлэх боломжгүй, халдвар тархах өндөр эрсдэлтэй хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудын үйл ажиллгааг 2021 оны аравдугаар сарын 1-нээс 22.00 цагаас хойш ажиллахыг хориглож, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргад үүрэг болголоо.
Улсын онцгой комиссын даргын 2021 оны 51 дүгээр тушаалаар батлагдсан “Гадаад улсаас ирсэн хүнийг тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах түр журам”, Улсын онцгой комиссын даргын 2021 оны 11 дүгээр тушаалаар батлагдсан “Хилийн Алтанбулаг авто замын боомтоор улс хоорондын ачаа тээврийн хөдөлгөөнийг зохион байгуулах түр журам”-ыг хүчингүй болголоо.
Гадаадаас ирсэн иргэдийг ирэх сарын 15-аас тусгаарлахгүй, онгоцны буудал дээр ПГУ шинжилгээ авч шууд нэвтрүүлнэ” гэсэн шийдвэр гаргалаа.
Гэхдээ хичээлийн шинэ жил гэхээсээ Сүхбаатарын талбайд болсон “Цахим үндэстэн” шоуны бөөгнөрлийн уршиг эдүгээ гарч, халдвар нэмэгдэж байгааг олон нийт тааварлаж буй. Олон нийт шуудан харилцаа, холбооны 100 жилийн ойн олныг цуглуулсан шоуг шүүмжилсэн. Гэсэн хэдий ч ойн арга хэмжээнд оролцож, салют цацруулан үг хэлж, нээлт хийсэн
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Цаашдаа нийтийг хамарсан гадаах арга хэмжээг зохион байгуулна. Шүүмжлэлээс айхгүй” гэдгээ хэвлэлд мэдэгдэж байлаа. Эрх баригч хүчин МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хууль. Тиймээс олон нийт хүйтрэхээс өмнө гадаах урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулж болно гэсэн ойлголттой байлаа.
Үүнтэй зэрэгцээд АН ч эрх баригчдад шүүмжлэлтэй хандаж, намрын чуулгантай зэрэгцэн энэ баасан гарагт Сүхбаатарын талбайд тайван жагсаал зохион байгуулахаа мэдэгдсэн. Учир нь “Цахим үндэстэн” арга хэмжээнээс Сүхбаатарын талбайд “Алтан намар” хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа үргэлжилж байгаа. Ер нь “Алтан намар” үзэсгэлэн худалдаа өмнө нь ч дүүргүүдэд зохион байгуулагдсан. Ингэхдээ цар тахлын үеийн дүрэм, журмыг баримтлахаас гадна бөөгнөрөл цугралт үүсгээгүйгээрээ онцлог.
Харин өчигдөр УОК-ийн хуралдаанаар “2021 оны аравдугаар сарын 1-нээс төрийн байгууллага, албан тушаалтнууд дотоод орчинд 20-оос дээш хүнтэй хурал, цуглаан, уулзалт зэрэг аливаа арга хэмжээ явуулахыг хориглолоо.” гэсэн шийдвэр гаргалаа.
УОК-ын шийдвэр бол эцсийнх, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхгүй. Тиймээс АН-аас зохион байгуулах тайван жагсаал УОК-ын шийдвэрээр хориотой боллоо. Ингэснээр Ерөнхий сайдын хэлсэн үг хэрэгжээгүй байхдаа “хүчингүй” болов.Сүхбаатарын талбайд тайван жагсаал хориотой шийдвэр эвлэлдэн нэгдэж байгаа сөрөг хүчин АН дараагийн шийдлээ гаргах биз.
Н.Энхлэн