УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт нөхөн сонгууль явагдаж байна. Хэнтийн болон Сонгинохайрхан дүүрэгт нийтдээ 8 нам, нэг эвсэл, хоёр бие даагч өрсөлдөж байгаа юм.
Энэ хоёр тойрогт өмнө нь МАН-аас нэр дэвшин сонгогдсон гишүүд өөрсдийн болон хуулийн үндэслэлээр чөлөөлөгдсөн. Тодруулбал 2020 оны УИХ-ын сонгуульд Хэнтий аймгийн сонгуулийн 18 дугаар тойргоос сонгогдсон У.Хүрэлсүх, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөн ялалт байгуулсан бол нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг дэх 28 дугаар тойргоос сонгогдсон Д.Сумъяабазар өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөн, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн албан тушаалыг хашиж байгаа.
Парламентын засаглалтай манай улсын хувьд Монголын улс төрийн хүчин МАН хоёронтаа төрийн эрхийг үнэмлэхүй олонхиор барьж байна. Тиймээс парламентад сөрөг хүчний дуу хоолой дутагдаж, олонхи эрх мэдэлдээ эрдсэн он жилүүд үргэлжилж байна.
Энэ удаагийн нөхөн сонгууль парламентын бүтцэд нөлөөлөхгүй. Гэхдээ сонгогчдын сонголт улс төрийн намаас хамааралтай юу, нэр дэвшигчээс хамааралтай юу гэдгийг ажиглагчид харж байна. Тэр дундаа сонгогчдын сонголт МАН уу бусад уу гэдэг анхаарал татаж байгаа.
МАН-аас УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрогт Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат өрсөлдөж байгаа. Ц.Идэрбат аймгийн Засаг даргын хувьд нэр дэвшсэн тойрогтоо танигдсан, “усалсан” ч байгаа. Мөн АН-аас нэр дэвшин өрсөлдөж байгаа Б.Гарамгайбаатарын тухайд тойрогтоо төдийгүй Хэнтийд танигдсан, өмнө нь УИХ-д сонгогдож байсан эрхэм. Цаашлаад бие даагчийг Хэнтийчүүд хэрхэн хүлээж авч байгааг М.Чингисхаанд өгсөн санал хураалтын дүн харуулна.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг дэх УИХ-ын сонгулуийн 28 дугаар тойрогт Монголбанкны дэд Ерөнхийлөгч асан Э.Батшугар өрсөлдөж байна. Тэрбээр УИХ-ын сонгуулиар энэ тойрогт МАХН-аас нэр дэвшээд “аман хүзүүдсэн”. МАН, МАХН хэдийгээр нэгдсэн ч намаа сольж, дахин нэр дэвшиж байгаа Э.Батшугарт Сонгиночууд хэр итгэл хүлээлгэх нь ажиглагчдад сонин бус.
Учир нь Э.Батшугар ялалт байгуулсан тохиолдолд Н.Энхбаяртай хийсэн тохироо үргэлжилж, МАН амлалтаа биелүүлж, үүргээ гүйцэтгэлээ гэж олон нийт харах, хардах улс төрийн нөхцөл бүрдээд байгаа юм. Түүнээс бус Э.Батшугар өөрийн хүчээр нэр дэвшээгүйг МАН-ын журмын нөхөд нь байтугай түмэн олон мэднэ.
Энэ тойрогт АН-ын Монгол Улсын баатар Э.Бат-Үүл өрсөлдөж байна. Тэрбээр нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа Сонгинохайрхан дүүрэгт төдийгүй нийслэлд бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг нүдэнд харагдаж, гарт баригдахаар өрнүүлснийг нийслэлчүүд андахгүй. Мэдээж, алдаа, оноо аль алин нь байгаа.
Харин энэ удаад парламентад Э.Бат-Үүлийг сонгогдоосой гэсэн хүсэлтэй хэсэг бүлэг бий. Учир нь иргэн Э.Бат-Үүлдээ бус. Сөрөг хүчний дуу хоолой болж, эрх баригчдад шүүмжлэлтэй хандах мэргэшсэн парламентч, туршлагатай улстөрч бол өнөөдрийн цаг үед Э.Бат-Үүл. Тиймээс ч хоёр хуваагдаж, талцсан АН нөхөн сонгуулиар Э.Бат-Үүлийг нэр дэвшүүлсэн нь зөв сонголт гэж олон нийт харж байгаа.
Учир нь нэг намын эрх мэдэлд нээлттэй парламент өнөөдөр хаалттай болж, сөрөг хүчний шүүмжлэл салхинд хийссээр байгаа. Тиймээс л нөхөн сонгуулийн үр дүн эрх баригч хүчин дангаар оршин тогтнох уу, ардчиллын дуу хоолойг нэмэх үү гэдгийг шийднэ.
Н.Энхлэн