Монгол Улсад шатахууны хомсдол нүүрлэв. Өчигдрөөс эхлэн иргэд шатахуун хайж, бүр шаглаж эхэллээ. Хэд хоногийн өмнөөс АИ92 автобензин тасалдаж, зарим шатахуун түгээх станцууд өгөхгүй байсан. Харин өчигдрөөс ихэнх шатахуун түгээх станцууд АИ92, АИ95 шатахуун дууссан хэмээн мэдэгдэж, иргэдийг хоосон буцааж эхэллээ.
АМГТГ-ын дэд дарга Эрдэнэбаяр “Шатахууны нөөц байгаа, хомсдол үүсэхгүй” хэмээн мэдэгдэж байсан ч бодит байдал дээр аль хэдийнэ хомсдол үүсч, шатахуун түгээх станцууд түгээгүүрээ нам цоожилжээ. Импортлогчид үнээ нэмэхийн тулд үгсэн хуйвалдаж зохиомол хомсдол үүсгэсэн үү эсвэл үнэхээр Монгол Улс шатахууны гачигдалд орсон уу?!
Газрын тосны асар их баялагтай ч тэрийгээ боловсруулж чаддаггүй, түүхийгээр нь гадагш зөөж, гаднаас өндөр үнээр газрын тосны бүтээгдэхүүн худалдан авдгийн гор гай ийнхүү гарлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын эдийн засаг үхмэл байдалд байгааг хүлээн зөвшөөрсөн. Ямар ч гоё зүйл яриад, яаж ч нуугаад нэмэргүйгээр бид уруудан доошилж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улсын эдийн засаг 04, 05 дугаар сарын үед хасах баланс руу орсон. 1992 онд нэг удаа хасах руу орж байсан. Монгол Улсын цусны эргэлт үндсэндээ зогссон. Монгол Улсын төсөв 23 хувиар тасарсан амаргүй нөхцөл байдалд бид ажиллаж, амьдарч байна” хэмээн ярьжээ.
1990-ээд оны шилжилтийн хүнд үед хасах зааж байсан эдийн засаг коронавирусийн халдварыг даалгүй дахин хасах болжээ. Өчигдрийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 367 хүний биеийн байдал нэн хүнд байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв. Тэд сэхээний орон дээр хиймэл аппаратаар амьсгалж, үхэл амьдралтай тэмцэлдэж буй. Монгол Улсын эдийн засаг яг тэдэнтэй адил, сэхээний тасагт сэхэл, дампуурлын ирмэгт дэнжигнэж байна.
Хил гааль хаалттай, импорт зогсч, экспорт таг гацсан энэ үед сэргээнэ гэсэн зүтгэл, сэргэх болов уу гэсэн итгэл найдвар бараг л тасарлаа. Эхнээсээ гачигдалд орж, шатахуун эрсэн сурсан, хайсан хүмүүс хаа сайгүй байна.
Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ нэмэгдэж, экспортлогч орнууд багагүй ашиг олон алтан циклийн үе. Гэтэл манай эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болох нүүрсний экспорт таг гацаастай. Хүрзээр татаж, машинаар зөөдөг экспорт коронавирусийн халдварын нөлөөгөөр таг зогссоноос ялгаагүй, үлгэн салган хөдөлж байна.
Ийм үед төмөр замтай байсан бол...газрын тос боловсруулах үйлдвэртай байсан бол...халаглахад ч багадах хайран цаг хугацаа, хөрөнгө мөнгийг эрх ашгийн төлөө дайтагчид улстөрчид хумсалж, хороосоор өнөөдрийн Монгол Улсыг бий болгосон. Одоо Монгол Улс дампуурлаа зарлаж, Венесуэлийн араас орох л үлдлээ.
Болохгүй, бүтэхгүй бүхнийг хойд талын хар овоохой болсон коронавирусийн халдвар руу чихэж болох ч үнэндээ өнгөрсөн он жилүүдийн алдаа завхралын хор уршиг цар тахлын нөлөөгөөр ил боллоо. Монголын төр хэрхэн ажиллаж ирснийг, эдийн засгаа тэтгэх нэг ч салбаргүй, иргэдээ тэжээх ямар ч боломжгүйг хангалттай харууллаа. Нэг л хүчтэй салхи Монгол Улсын бүхэлд нь хөмрөх боломжтойг иргэд ч, эрх баригчид ч харлаа.
Энэ улс ч, иргэд нь ч үлгэн салган дэнжигнэж байна. Эдийн засаг нь элгээрээ хэвтэж, иргэд нь хоосон хонох өдрүүд ирж буй бололтой. Өнөөдөр шатахуун хайж байна, маргааш талх хайх вий!
Б.Хэрлэн