Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрхийн хугацаа шинээр сонгогдсон Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тангараг өргөснөөр дуусгавар болж байна. Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийн хугацаандаа төр, засгийг хэрхэн удирдсаныг цаг хугацаа харуулна.
“Монгол ялна” уриатай Ерөнхийлөгчид нэр дэвшин сонгогдсон Х.Баттулыг төмөр зам бариагүй шороо босгосон, урд хөрштэй эсрэг үзэлтэй, төрт ёсоо хүндэтгэл монгол дээлийг бүр бүрдлээр нь өмссөнгүй, хамгийн сүүлийн жишээ гэхэд төрийн одон медалийг бөөнөөр нь олгож, халдвар тараалаа гэх зэрэг шүүмжлэл байнга дагаж ирсэн. Ер нь үе үеийн Ерөнхийлөгч төдийгүй улстөрчид шүүмжлэлээс ангид байгаагүй, байдаг ч үгүй.
Харин АН-аас нэр дэвшигн сонгогдсон Төрийн тэргүүн эрх баригч хүчин МАН-аас У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдахад Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг эс тооцвол бүтэц хийгээд бүрэлдэхүүнийг бүрэн дэмжинэ гэдгээ илэрхийлж, дэмжиж ч байлаа.
Тиймээс ч Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулж, У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдахад Ерөнхийлөгчийн дэмжлэгтэй байсныг ажиглагчид дүгнэдэг. Цаашлаад эрх баригч хүчний гишүүд М.Энхболдыг УИХ-ын даргаас “татан буулгаж” Г.Занданшатарыг сонгогдоход мөн л ҮАБЗ нэг санаа, нэгдмэл зорилготой гурван гишүүнээс бүрдлээ гэж дүгнэн, үүнийгээ ч тэд үйлдлээрээ харуулж байлаа.
Х.Баттулгын бүрэн эрхийн хугацаанд олон нийт шинэ жилийн мэндчилгээний сюрприз хүлээдэг болсон нь өндөр настнуудын тэтгэврийг нэг удаа тэглүүлсэн санаачлагатай нь холбоотой. Тэрбээр 2020 оноо угтах шинэ жилийн мэндчилгээндээ тэтгэврийн зээлтэй ахмадуудын зээлийг тэглэхийг уриалж, Засгийн газар хэрэгжүүлсэн. Цаашлаад зээлгүй ахмадуудад нэг сая төгрөг, иргэн бүрт хувьцааны ногдол ашиг 300 мянган төгрөг олгосон зэрэг Засгийн газрын хэрэгжүүлсэн зарим арга хэмжээг Ерөнхийлөгчийн хүргүүлсэн санал, санаачлагатай холбоотой гэж үздэг.
Өөрөөр нь авторлагдан, шүүмжлэлд өртөөд байдаг Тавантолгойн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, цар тахалд эхлэн нэрвэгдсэн урд хөршид гэнэтийн айлчлал хийж Хятадын ард түмэнд 30 мянган хонь бэлэглэж, хоёр орны найрсаг, дипломат харилцааг бэхжүүлж, олон улсын анхаарлыг татаж чадсан.
Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар сүүлийн жилдээ үндэсний өв соёлоо дээдэлж, монгол бичгээр бүх нийтээр бичихийг тунхаглан, теле хичээл зааж Их богд, Ноён уулыг төрийн тахилгатай болгож, Гэсэр Жангарын туульсаа цагаан сар болгоноор хайлуулах зарлиг буулгав.
Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Х.Баттулга Ерөнхийлөгч дахин нэр дэвших эрхгүйгээр халаагаа өгч байгаа. Гэсэн хэдий ч түүний улс төрийн рейтэнг өндөр хэвээр байгааг судалгаа харуулдаг.
Харин өнөөдөр Х.Баттулга Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон ч цаашдын улс төрийн “мэх” хэрхэн өрнөхийг олон нийт ажиглаж, сонирхож байна.
Юун түрүүн АН-ын гишүүнчлэлээ сэргээх, УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвших, АН-ын даргаар сонгогдох гээд хуулиар хориглоогүй л бол дараа дараагийн алхмууд үргэлжилнэ гэж ажиглагчид харж байгаа.
Н.Энхлэн