Шадар сайд С.Амарсайхан өчигдрийн Улсын онцгой комиссын хуралдаанд "Ард иргэдийн маань эрүүл мэнд, амь нас хамгийн эрхэм чухал учраас Улсын баяр наадмыг хойшлуулж болно, халдвар буурахгүй бол цуцалсан ч болно. Энэ тухай саналаа Засгийн газарт оруулж шийдвэрлүүлнэ” гэсэн байр суурийг илэрхийлжээ. Цар тахлын хүнд үед наадам чухал биш гэдгийг Шадар сайд хэлжээ. Маргаашийн Засгийн газрын хуралдаанаар энэ асуудал яригдана гэсэн хүлээлттэй байна.
Бодит нөхцөл байдал бол монголчууд наадамлахааргүй байна. Хот, хөдөөгүй халдвар тархаж, өдөрт 2000 давсан шинэ тохиолдол бүртгэгдэж, нас баралт ч 10-аас буурахгүй байна. Өөрөөр хэлбэл Монгол Улс бүхэлдээ халдварын "Улаан бүс" болсон. Эрүүл гэж зугтах газар үлдээгүй. Шинээр батлагдаж буй халдварын тоогоороо дэлхийд III-т эрэмблэгдэж, нэн эрсдэлтэй улс орнуудын тоонд багтсан. Коронавирусийн халдвар анх тарахад монголчуудад халддаггүй, монголчууд өвддөггүй супер дархлаатай мэтээр олон улсад яригдаж байсан бол өдгөө дэлхий Монголоос дөлж байна. Иргэдээ Монгол руу зорчихгүй байхыг анхааруулж эхэллээ. Товчхондоо бид коронавирусийн халдварын нэн хүнд нөхцөл байдалд амьдарч байна.
Ийм үед наадамлах тухай ярих нь утгагүй. Мэдээж, эртний уламжлалыг хүндэтгэх ёстой. Гэвч бодит нөхцөл байдал биднийг найрлаж, наадамлаж явах цаг үе биш гэдгийг сануулсаар байна.
Өнгөрсөн жил халдварын тархалт сураг төдий байхад монголчууд хаалттай наадамлаж байлаа. Наадмыг зурагтаараа үзэж, гэртээ хуушуурдсан. Харин одоо халдварын нөхцөл байдал маш хүнд, улаан түвшнийг зааж байхад наадам зохион байгуулахаар ярьж буй нь үнэндээ цагаа олоогүй яриа.
Бид ковидгүй зуны тухай мөрөөдсөн. Гэвч зуны дунд сар аль хэдийнэ гарчихаад байхад халдвар татрах нь бүү хэл улам гаарлаа. Цаашид ч нэмэгдэж, өдөрт 4000 тохиолдол илрэх магадлалтайг эрүүл мэндийн байгууллагаас сануулж буй. Ийм эрсдэл биднийг хүлээж байхад найрлаж, наадамлаж явах хүсэл сонирхол ард түмэнд лав алга. Иргэд цар тахлын хүнд нөхцөлд идэх хоол, өмсөх хувцсаа л бодож байна. Аж ахуйн нэгж байгууллагаад хаалгаа барьчихгүй шиг даван туулахыг зорьж байна. Үнэндээ наадмын тухай бодож байгаа хүн алга. Тиймээс энэ жилдээ наадмыг өнжье. Хойшлуулах бус энэ удаадаа наадмыг мартъя. Харин наадамд төсөвлөсөн 10 тэрбум төгрөгөө эрүүл мэндийн салбар, эмч нартаа зориулъя. Тэднийг ядаж цалингаар нь урамшуулж, тэмцэх хүч өгье.
Халдварын нөхцөл байдал хүндэрч, эрүүл мэндийн салбар сөхрөхийн даваан дээр буйг дээр дооргүй ярьж байна. Хүн хүч дутагдаж эхэлсэн. Тиймээс сургууль цэцэрлэгийн эмч нарыг нэмж ажилуулах, Анагаахын их сургуулийн төгсөх курсын оюутнуудыг хүртэл дайчлахаар Улсын онцгой комисс ярьж байна. Энэ бол манай улсад халдварын нөхцөл байдал нэн хүнд байгааг илтгэх хангалттай нотолгоо. Наадам иргэдийг эрсдэлд оруулж, эрүүл мэндийн салбарыг туйлдуулахаас өөрцгүй.
Тиймээс энэ жилдээ цэнгэл баяраас татгалзъя. Эрүүл байвал ирэх жилийн наадам үзнэ шүү дээ. Хэдхэн хоногийн дараа тангаргаа өргөх шинэ Ерөнхийлөгч ч нөхцөл байдлыг ухаарч, төрийн тэргүүн болсон анхны жилээ наадмын нээсэнгүй гэж ундууцахгүй биз. Учир нь түүнд дахиад таван жил буй.
В.Бат