Өнөөдөр манай улсын таван хүн тутмын нэг нь халдвартай гэсэн эмгэнэлтэй судалгааг мэргэжилтнүүд гаргажээ. Үнэхээр халдвартай хүний тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, нас баралт өсч байгаа харамсалтай мэдээллийг бид ЭМЯ-ны мэдээллийн цагаар өдөр бүр сонсож байна. Төр, засаг, тэр дундаа эрүүл мэндийн салбарын ажилтнууд бүхий л хүчээ шавхан ажиллаж, мэргэжилтнүүдийн хүчин чадал мөхөдсөн энэ үед иргэн хүн хувийн хамгаалалтаа чанд мөрдөж, олны хөлийн газраас холуур, амны хаалтаа зүүж, ариун цэврээ сахиж, эрүүл мэндээ хамгаалах нь юу юунаас чухал болоод байна.
Өнгөрч буй энэ долоо хоногийн хамгийн гол үйл явдал нь Ерөнхийлөгчийн сонгууль. Найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээр сонгогдсон эрхэм Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан зургаан жилийн бүрэн эрх эдэлнэ. Энэ удаагийн сонгуулиар эрх баригч хүчин МАН-аас нэр дэвшсэн МАН-ын дарга У.Хүрэлсүх сонгогчдын 67 хувийн саналыг авснаар ялалт байгууллаа.
Хуулийн дагуу сонгуулийн төв байгууллага Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг УИХ-д өргөн барьж, УИХ Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж, бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх хуулийн төслийг батлав. Үргэлжлүүлээд Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг энэ сарын 25-ны 11:40 цагт явуулах товыг тогтоолоор баталлаа.
Ийнхүү өнөөдөр Монголын төр, засгийг бүхэлдээ нэг улс төрийн хүчин барьж, бодлого үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх бүрэн боломжийг сонгогчид МАН-д олголоо. Тиймээс МАН амласнаа хэрэгжүүлэх л үлдлээ.
Төлбөргүй цахилгааны хэрэглээ, хүүхдийн мөнгөний 100 мянга энэ сараар “цуцлагдана”
Цаашлаад коронавирусийн цар тахлын эдийн засаг бүхэлдээ нурсан. Засгийн газраас долдугаар сарын нэгнийг хүртэл нийт иргэд, аж ахуйн нэгжийн цахилгааны төлбөрийг тэглэж, хүүхэд бүрт сар 100 мянган төгрөг олгож байгаа. Харин үнэгүй төлбөргүй цахилгааны хэрэглээ, хүүхэд бүрт олгож байгаа 100 мянган төгрөгийн хугацаа энэ сараар дуусгавар болж байгааг Сангийн сайд мэдэгдлээ. Сонгууль ч дууссан ч цар тахлын халдвар буураагүй. Гэсэн хэдий ч эдийн засгаа сэргээхийн тулд зарим төрлийн халамжийн арга хэмжээгээ цуцалж, иргэд, аж ахуйн нэгжийн бизнесийн дэмжих нь төрийн зайлшгүй бодлого. Тиймээс ч эдийн засгаа сэргээх 10 их наядын хөтөлбөр хэрэгжүүлж, гурван хувийн хүүтэй зээлийг иргэд, аж ахуйн нэгжид олгоод эхэлсэн.
Тэтгэврийн даатгалын шимтгэлийг буурууллаа
УИХ-ын чуулганаар Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа. Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсанаар 2021 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн ажил олгогч болон даатгуулагчаас төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийг тус бүр нэг хувиар бууруулж байна. Өөрөөр хэлбэл, бүх ажил олгогч болон даатгуулагчид тэтгэврийн даатгалын шимтгэлээ 8.5 хувиар төлөх юм.
Сайн дураар даатгуулагчид тэтгэврийн даатгалын шимтгэлийг 12.5 хувиар төлж байсан бол мөн нэг хувиар бууруулж, 11.5 хувийн шимтгэл төлж эхлэнэ.
2021 оноос ажил олгогч болон даатгуулагчаас төлөх тэтгэврийн даатгалын шимтгэл тус бүр 9.5 хувь болон нэмэгдсэн нь коронавируст цар тахалтай холбоотойгоор аж ахуйн нэгж, иргэний орлогод нөлөөлсөн юм.
Н.Энхлэн