Коронавирусийн өдөрт илрэх шинэ тохиолдлын тоо 1000-ыг давлаа. Сүүлийн 24 цагт 7102 шинжилгээ хийхэд 1143 хүн халдвар авсан нь батлагдлаа. Манай улсад халдварын нөхцөл байдал эргээд хүндэрлээ гэсэн үг. ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр “Нөхцөл байдал хүндэрч, вакцинжуулалт үр дүнгүй болох хандлагатай” талаар ярьсан. Мөн Эрүүл мэндийн яамны газрын дарга Я.Буянжаргал “Халдварын хүрээ тэлж, вакцинжуулаагүй хэсэг буюу хүүхдүүд халдвар авах нь нэмэгдсэн” талаар ч мэдээлэл өгсөн.
Улаанбаатар хотод 2021 оны 04 дүгээр сарын 10-25 хүртэл хатуу хөл хорио тогтоож, цааш сунган 05 дугаар сарын 08 хүртэл нийслэлчүүд карантилагдсан. Тухайн хугацаанд буюу
2021 оны 04.08-ны өдөр 554 шинэ тохиолодол батлагдаж, 1 хүн нас барсан
2021 оны 04.09-ны өдөр 714 тохиолдол шинээр илэрч, 1 нас барсан
2021 оны 04.10-нд 689 шинэ тохиолдол батлагдаж, 1 хүн нас барсан нөхцөл байдалтай байв. Өөрөөр хэлбэл халдварын нөхцөл байдал өнөөгийнхөөс доогуур түвшинд байсан гэсэн үг. Ийм нөхцөлд хатуу хөл хорио тогтоож бүр сунгаж байв. Шалтгаан нь вакцинжуулах, дархлаажуулалтыг үр дүнтэй болгох.
Харин одоо бол нөхцөл байдал улам хүндэрлээ.
2021 оны 05.31-нд 927 хүн халдвар авч, 4 хүн нас барлаа
2021 оны 06.01-нд 790 халдвар батлагдаж, 7 хүн нас барсан
2021 оны 06.02-нд 1143 тохиолдол батлагдаж, 3 хүн нас барлаа.
Хатуу хөл хорионы үеэр буурч байсан халдварын тохиолдол сүүлийн өдрүүдэд эргэн идэвхжиж, 1000 давлаа. Мөн хүндэрсэн өвчнүүдийн тоо ч нэмэгдэж, нас баралт залуужиж байна.
Өнгөрсөн саруудад архаг хууч өвчтэй, өндөр настай хүмүүс ихэвчлэн амиа алдаж байсан бол одоо 30, 40 настнууд халдвараар нас барж байна. Мөн хүүхдүүд халдвар авах нь нэмэгдлээ. Халдвар ахмад, залуу, суурь өвчтэй, өвчингүйгээс үл хамаарч, үхэлд хүргэж буй гэсэн үг.
Тэгвэл ийм нөхцөлд сонгуулийн сурталчилгаа зохион байгуулж, санал хураалт явуулах нь хэр зохимжтой вэ? Хөл хорио суларсан, сонгуулийн сурталчилгаа явагдсан нь халдвар нэмэгдэх үндсэн шалтгаан болсон. Халдвараар аль хэдийнэ 286 хүн амь насаа алдаад байна. Тэгсэн ч сонгуулиа зохион байгуулах уу?
Сонгуулийг хойшлуулах бүрэн эрх УИХ-д бий. Хүн амын эрүүл мэнд, амь насанд аюул учруулах нөхцөл байдал үүссэн учраас онц байдал зарлана гэсэн үг.
Үндсэн хуулийн 25 дугаар зүйлд тусгасан УИХ-ын онцгой бүрэн эрхэд:
2.Дараах онцгой нөхцөл бий болсон үед үр дагаврыг нь арилгах, хүн ам, нийгмийн амьдралыг хэвийн болгохын тулд онц байдал зарлаж болно:
1/улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь оршин суугаа хүн амын амь нас, эрүүл мэнд, аж амьдрал, нийтийн аюулгүй байдалд шууд аюул учруулсан буюу учруулахуйц байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон;
2/Үндсэн хуулийн дэг журам, нийгмийн хууль ёсны тогтолцоо оршин тогтноход заналхийлсэн аливаа байгууллага, бүлэг хүний зохион байгуулалт бүхий хүч хэрэглэсэн хууль бус үйл ажиллагааны улмаас үүссэн нийтийн эмх замбараагүй байдлыг төрийн байгууллага эрх хэмжээнийхээ дотор ердийн арга хэрэгслээр тохинуулах боломжгүй болсон.
3.Улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь нийтийн эмх замбараагүй байдал үүсч, зэвсэгт мөргөлдөөнд хүрсэн, тийм мөргөлдөөн гарах бодит аюул бий болсон, бусад улсаас цэргийн хүчээр түрэмгийлэн халдсан, эсхүл тийнхүү халдах нь бодитой болсон үед дайны байдал зарлаж болно.
4.Улсын Их Хурлын бусад бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.
Парламент улс төрийн нөхцөл байдал бус нийгмийн эрүүл мэндийг чухалчилбал яаралтай горимоор асуудлыг хэлэлцэх ёстой. Харин одоогоор манай парламентынхан даргаасаа эхлээд бүгд сонгуулийн сурталчилгаанд ажиллаж буй. Халдварын нөхцөл байдлын талаар дуугарсан гишүүн одоогоор алга.
Аргентин, Итали зэрэг улсууд коронавирусийн халдвараас шалтгаан сонгуулиа хойшлуулсан тохиолдлууд бий. Харин манай улс ерөнхийлөгчийн сонгуулиа хойшлуулах эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Хүн амын эрүүл мэнд, амь нас чухал уу, улс төрийн үйл явц чухал уу гэдгийг харах л үлдлээ.
В.Бат