Өчигдөр дөрвөн хүн нас барсны хоёр нь 32-37 насны залуус байлаа. Тэд коронавирусийн халдварын хүндрэлээр цэл залуухан насандаа амиа алдаж, гэр бүл нь салах ёс хийх боломжгүйгээр хорвоог орхилоо. Энэ бол коронавирусийн нас баралт залуужиж байгаагийн ганцхан баримт. Дотоодын халдвар эрчимжиж, өдөрт 1000 давсан шинэ тохиолдол батлагдаж байхад голдуу өндөр настнууд хүндрэлээр нас барж байлаа. Тэр үед өндөр настай, архаг суурь өвчтэй хүмүүс амиа алдах эрсдэлтэй гэж ярьж байв. Харин одоо нөхцөл байдал өөрчлөгдөж, халдвар, хүндрэл, нас баралт нас ялгахаа больсон. Цэл залуухан, эрүүл чийрэг биетэй нэгэн ч халдвар авч, хүндэрч, амиа насаа алдах эрсдэл нэмэгдсээр байна.
Коронавирусээр нас баралт өнгөрсөн долоо хоногт:
Даваа гаригт- 5 хүн
Мягмар гаригт – 2 хүн
Лхагва гаригт – 2 хүн
Пүрэв гаригт – 2 хүн
Баасан гаригт -4 хүн
Бямба гаригт -5 хүн
Ням гаригт- 4 хүн, долоо хоногийн хугацаанд нийтдээ 24 хүн коронавирусийн халдвараар амь насаа алдлаа. Ингэснээр нас баралтын тоо 272 болон нэмэгдэж, 300 руу дөхөж байна. Монгол Улсын 272 иргэн халдварын улмаас амиа насаа алдлаа. Гуравхан сая хүн амтай улсад энэ бол том гарз хохирол.
Нас баралт залуужиж байгаатай зэрэгцээд халдварын тоо ч нэмэгдэх хандлагатай байна. Өчигдөр гэхэд 891 шинэ тохиолдол батлагдав. Өдөрт илрэх халдварын тоо улам нэмэгдэж, 1000 руу дөхөж байна гэсэн үг. Өнгөрсөн долоо хоногийн мэдээллээс харвал шинээр илэрч буй халдварын тоо өссөөр байна.
Долоо хоногийн хугацаанд улсын хэмжээнд 5042 шинэ тохиолдол батлагдсаны 4724 нь Улаанбаатар хотод байна.
Даваа гаригт- 630 хүн
Мягмар гаригт -634 хүн
Лхагва гаригт- 680 хүн
Пүрэв гаригт- 653 хүн
Баасан гаригт -785 хүн
Бямба гаригт- 769 хүн
Ням гаригт -891 хүн шинээр халдвар авч, батлагдлаа.
Засгийн газраас вакцин татан авах ажлаа эрчимжүүлж, иргэд ч дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж байгаа. Нийслэлчүүдийн 74.4 хувь нь вакцины хос тунгаа хийлгээд байна. Вакцинаа хийлгэж, дархлаажуулалт идэвхжвэл халдварын тоо буурч, хүндрэл, нас баралт ч цөөрнө гэсэн эерэг хүлээлттэй байлаа. Эрүүл мэндийн салбарынхан ч “Вакцинаа хийлгэсэн тохиолдолд халдвар авсан ч хөнгөн тусна, хүндрэхгүй” хэмээн ухуулж, сэнхрүүлсэн. Гэвч бодит орчинд нөхцөл байдал эсрэгээрээ эргэлээ. Вакцинжуулалт эрчимжихийн хэрээр халдвар буурах биш улам өсөж, хүндрэл, нас баралт ч нэмэгдэж байна. Товчхондоо вакцин бидний хүсч байсан үр дүнг авчирсангүй.
Шалтгаан нь ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа. УИХ, Засгийн газрын гишүүд, улс төрийн намуудын нөхөд хэдэн арваараа хөдөө орон нутагт очиж, хэдэн зуун хүнийг нэг дор цуглуулж, гар барьж, тэврэлдэн халуун дотноор хийсэн уулзалтууд нь халдвар тараах нөхцөл болж буйг тэд ч мэдэж, бид нүдээрээ харж байна.
Засгийн газар, Эрүүл мэндийн яамныхан ч сонгуулийн сурталчилгаа халдвар тараах нөхцөл болж байгааг хэлэхгүй нь мэдээж. Гэвч үүнийг албаны хүнээр хэлүүлээд байх шаардлагагүй. “Олноороо цуглаж болохгүй, бусдаас зай барь, гар барихыг хориглоно” зэрэг халдвараас хамгаалах энгийн дүрэм зөрчигдөөд байхад заавал албаны хүний амнаас улстөржсөн үг унагах шаардлагагүй.
Энэ бүх тоо баримт Засгийн газрын ажлын үр дүнг ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа баллуурдаж байгааг бэлээхэн харуулж байна. Халдварыг хяналтнаасаа алдахгүйн тулд тогтоосон хөл хорионууд, хүндрэл нас баралтыг нэмэхгүйн төлөө хийсэн вакцинжуулалтын ажил үр дүнгүй болж, бид буцаад хаагдаж, хоригдсон амьдрал руугаа ороход хэдхэн алхам дутуу байна.
Хамгийн харамсалтай нь халдварын хүрээ тэлж, нас баралт улам залуужиж, идэр насныхан энэ хорвоог орхиж эхэллээ. Хариуцлагыг хэнээс, хаанаас нэхэх вэ?!
В.Бат