Ерөнхийлөгчийн сонгуультай зэрэгцээд МАН, МАХН нэгдэн нийлж байна. МАХН-ын их чуулганд оролцсон МАН-ын дарга У.Хүрэлсүх “Нэг нам болж, нэгдэн нийлж, хоёр дахь зуунаа эхлүүлж байгаа”-г мэдэгдсэн бол МАХН-ын дарга Н.Энхбаяр хамтын ажиллагаагаа бататгаж, намаа татан буулгах процессийг үргэлжлүүлж байна.
“Хүн биш хууль засаглдаг” байх МАН, МАХН нэгдэн нийлэх гэрээ 6 бүлэг, 33 зүйлтэй. Хоёр талын ажлын хэсэг гэрээнд заасан заалтуудаа хэрэгжүүлэх ажилдаа орсон. Ингэхдээ нэгдэн нийлэх гэрээний чухал шийдэл нь “Дээд Үндсэн хуулийг баталж, Бүгд найрамдах улс”-ыг байгуулах шийдвэрт хоёр тал хүрснийг онцолсон. МАХН-ын дарга Н.Энхбаяр бусад намуудтай хамтран Дээд Үндсэн хуулийг боловсруулан, залуусыг их, дээд сургуульд үнэ төлбөргүй суралцуулах, эрүүл мэндийн үйлчилгээг төлбөргүй болгох, иргэдийг улсаас үнэ төлбөргүй орон сууцаар хангах, байгалийн баялгийн хуваарилалтыг ард түмэндээ эн тэнцүү хүртээх зэрэг зүйлийг тусгаж байгаагаа эртнээс ярьсаар ирсэн. Парламентат засаглалтай ардчилсан улсад МАХН-ын дарга Н.Энхбаярыг “Үлгэр ярьж байна” гэж олон нийт хүлээж авдаг байлаа.
Харин өнөөдөр эрх баригч хүчин МАН экс дарга Н.Энхбаярынхаа “үлгэр”-ийг хүлээн авч, нэгдэн нийлэхээр гэрээ байгуулсан нь эргэлзээ төрүүллээ. Н.Энхбаяр даргын хийсэн мэдээллийг МАН-ын зүгээс үгүйсгээгүй. Тэр байтугай өнгөрсөн амралтын өдрүүдэд МАХН-ын их чуулганд МАН-ын дарга У.Хүрэлсүх оролцож, МАХН-ын 100 жилийн ойн медалиар энгэрээ цоолж, МАХН-ын далбааг намируулсан Н.Энхбаярын “Шинэ дээд Үндсэн хууль”-ийг бататгалаа.
Үндсэн хуулийг шинэчлэх ажлын хэсгийг Н.Энхбаяр ахлах тохироотой хэдий ч өнөөдрийн мөрдөгдөж байгаа хуулиар Үндсэн хуульд найман жилийн хугацаанд өөрчлөлт оруулахыг хориглодог. Магадгүй, Үндсэн хуулийн шинэчлэл нь хоёр намын урт хугацааны бодлогод хамаарах биз.
Хоёр намын нэгдлээс “МАН-МАХН” гэж нэрийдэх тохироонд хүрчээ. Эдүгээ МАХН-ын улс төрийн намын бүртгэлээс хасуулах өргөдлөө өгч, хуулийн дагуу тамга тэмдгээ хүчингүй болгуулах процесс явагдаж байна. Энэ нь Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг МАН-даа эргэлт буцалтгүй эргэн ирж, нэгдэхээр улс төрийн шийдэлд хүрснийг илтгэнэ. Тэгэхээр эрх баригч хүчин МАН ч гэрээний дагуу нэрээ өөрчлүүлэхээр хуулийн байгууллагад хандах нь. Мэдээж, энэ үйл явц сонгуулийн дараагаар үргэлжилнэ, одоо юун намын нэршил өөрчлөх, Ерөнхийлөгчийн сонгууль нэн тэргүүний асуудал.
Цаашлаад гэрээнд 70:30 гэсэн тохироо явагдсаныг эх сурвалж онцолж байгаа. Энэ нь зөвхөн Засгийн газрын гурван сайдаар хязгаарлагдахгүй, намын анхан шатны байгууллагаас эхлээд бүх шатанд хэрэгжинэ. Тодруулбал, аймаг, нийслэл, сум багийн Засаг дарга нарт ч хөдөлгөөнд орно гэсэн үг. Тиймээс л сонгуулийн дараагаар Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар унаж, эрх баригч хүчний шинэ удирдлага бүхнийг гартаа авна гэсэн бор шувуу нисч байна.
МАХН-ын дарга Н.Энхбаярын тухайд аль нэг албан тушаалд очихгүй гэж байгаа ч хэрвээ намынхан нь итгэл хүлээлгэвэл... гэсэн өгүүлбэр дагалдаж байгаа.
Ийнхүү нэг угшилтай энэ хоёр нам санал тусгаарлагдаад 10 жилийн дараа дахин нэгдэхээр боллоо. Гэхдээ энэ хугацаанд хамтрах, нийлэх, нэгдэх яриа хэлэлцээ сонгуулийн жил бүр явагдаж байв.
Хэрвээ хэлэлцээ, гэрээг аль нэг тал зөрчвөл хамтын ажиллагааны гэрээ цуцлагдах магадлалтай гэж одоо ч ажиглагчид хардаж, таамагласаар байгаа. Гэсэн хэдий ч энэ удаад эрх баригчид тээршаах ч Н.Энхбаяр МАН-аас буцахгүйг МАХН-ын татан буугдах үйл явц харуулж байгаа.
Нөгөөтэйгүүр улс төрийн “алсын хараа”-г Н.Энхбаяр амьдралд, Л.Оюун-Эрдэнэд уран бүтээлд “ашигладаг” бичигдээгүй хууль үйлчилж байна.
Н.Энхбат