Гарчиг тун баатарлаг санагдсан уу. Дайны баатруудаа эргэн дурсаж байгаа ч юм шиг. Тухайн үедээ л баатарлаг зүйлс ярьж, хөгжил дэвшил авчрангаа алдсан дарга нараа эргэн нэг дурсюу гэж бодоод. Тэд маань хөгжил дэвшлийг цаасан дээр амилуулсан “баатрууд” шүү дээ. Тэднийхээ ачаар түгжрэлгүй, үмхий үнэргүй, утаагүй Улаанбаатарт амьдарч байна...хэлсэн бүхнийг чинь бид мартаагүй шүү.
2021 онд Улаанбаатар гэр хороололгүй болно
Энэ үлгэрийг 2008 онд ярьжээ. Тухайн үед нийслэлийн Засаг даргаар Т.Билэгт ажиллаж байсан бөгөөд орон сууцны хорооллыг хэдэн мянгаар нь барьж, эсгий гэрээс татгалзах тухай ярьж байв. Харин одоо 2021 он. Гэр хороолол үгүй болсон уу. Мэдээж 2021 он дуусах хараахан болоогүй, долоон сарын хугацаа байна. Энэ хугацаанд гэр хорооллоо илбэдээд алга болгочих юм болов уу.
Агаарын дүүжин тээвэр 2021 оны зургаадугаар сард явж эхэлнэ
Агаарын тээвэр мөдхөн ашиглалтад орох нь. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан агаарын дүүжин тээврийн ажлыг 2020 дөрөвдүгээр сард эхлүүлж, 2021 оны зургаадугаар сард ашиглалтад оруулахаа мэдэгдсэн. Дарга хэлсэн болохоор дүүжин тээврийн ажил ч эхэлсэн байх, ашиглалтад ороход ганцхан сар үлдлээ. Нийслэлчүүд Зайсангаас Баянхошуу, Ханын материал, 3, 4 дүгээр хороолол чиглэлд цагт 3 000-уулаа, өдөр дунджаар 40 000-аараа агаараар ажил, амьдралаа зохицуулна. Агаарын тээврийн ажил нүдэнд үзэгдэж, гарт баригдахгүйгээр хийгдэж байгаа байх аа.
Улаанбаатар хот 2020 онд метротой болно
2011 онд нийслэлийн Засаг даргаар Г.Мөнхбаяр ажиллаж байхад ийм үлгэр эхэлжээ. Эхлээд “Нийслэлчүүд 2017 онд метрогоор зорчино” гэж хошигносон. Дараа нь хугацаа хойшилж, Улаанбаатар хот 2020 онд метротой болно гэж зарласан. Харин одоо 2021 он, метротой болсны нэг жилийн ой. Ингэхэд Улаанбаатар хотын хаа нэгтээ метро нууцаар яваад байгаа юм биш биз. Төсөл хөтөлбөрийг дарга нар дээгүүрээ хувааж “иддэг” гэдэг шиг тэр метро зөвхөн дарга нарт үйлчлээд байгаа юм биш биз дээ.
Дулааны V цахилгаан станцыг 2016 онд ашиглалтад оруулна
Дулааны V цахилгаан станц аль хэдийнэ баригдаад, нийслэлчүүд гал алдах зовлонгүй болсныг та ер нь мэдсэн үү. Бүр 2013 онд баригдаж эхлээд 2016 онд ашиглалтад орчихсон. Хаана байрладаг вэ гэж үү, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо буюу “Ургах наран” хорооллын өмнөх авто зам болон төмөр замын хоорондох Хөлийн голын хөндийд шүү дээ. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл 43 га газрыг “Улаанбаатар дулааны V цахилгаан станц”- ыг барих зориулалтаар Эрчим хүчний яаманд 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байгаа, 2013 онд хэдийнэ баригдсан байх.
Төв цэвэрлэх байгууламжийг 2020 онд ашиглалтад оруулна
Улаанбаатар хот “сэнгэнэсэн сайхан” үнэрээсээ салсныг та анзаарсан уу. БХБ-ын сайд Х.Баделхан 2018 онд нийслэлийн Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийн ажлыг эхлүүлж, 2020 онд ашиглалтад оруулахаар зорьсон. Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барьж байгуулах ажлыг Х.Баделхан сайд та толгойгоороо хариуцна шүү” гэж хатуу сануулсан. Тэгэхээр шинэ Төв цэвэрлэх байгууламж баригдаад дууссан л гэсэн үг. Эсвэл Х.Баделхан сайд толгойноосоо салсан юм болов уу.
В.Бат
Уншиж байна |